ЯПОН УЛСЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР ХЭРЭГЖСЭН “УЛААНБААТАР ХОТЫН УСАН ХАНГАМЖИЙГ

12 дугаар сарын 1-ний өдөр, Улаанбаатар хотын Гачуурт тосгонд Япон улсын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн “Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх төсөл”-ийн байгууламжуудыг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Уг төслийг 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурсан Солилцох Ноот бичигт тусгагдсан 3 тэрбум 305 сая иенээр хэрэгжүүлсэн ба төслийн хүрээнд Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг хангах зорилгоор тус хотын зүүн хэсэгт байрлах Гачуурт тосгонд гүний худгуудыг барьж, ус түгээх байгууламжаар хоттой холбосон болно.

Төслийн хүрээнд 1) Японд үйлдвэрлэсэн шилээр хүчитгэсэн пластик нийлмэл хоолой бүхий 18.8 километр магистрал шугам 2) 7.1 километр дамжуулах болон цуглуулах шугам 3) Өдөрт 25,200 м3 ус олборлох хүчин чадал бүхий 21 гүний худаг 4) Хлоржуулалтын систем бүхий удирдлагын төв зэрэг инженерийн гол байгууламжууд баригдсан.

Тус ёслолын арга хэмжээнд оролцсон Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл 1990 оны эхэнд эхэлсэн ардчиллын үеэс хойш хэрэгжүүлж ирсэн Япон улсын Засгийн газрын тусламж дэмжлэгт талархаж буйгаа илэрхийлээд “Уг төсөл нь ялангуяа дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын зүүн хэсгийн гэр хороололд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэх болно. Япон улсын Засгийн газарт дахин талархал илэрхийлье” хэмээлээ.

Элчин сайд Т.Шимизү, “Улаанбаатар хотын хүн ам өсөхийн хэрээр усны хэрэгцээ шаардлага улам бүр нэмэгдэж байна. Уг төслөөр баригдсан усан хангамжийн байгууламжууд ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэдэгт туйлын итгэлтэй байна” хэмээн мэндчилгээндээ дурьдлаа.

Эдгээр байгууламжуудын тусламжтайгаар Улаанбаатар хотын гэр хорооллын амьдрах орчин болон усан хангамж ихээхэн сайжирна гэдэгт найдаж байна