Олимпийн аварга Н.Түвшинбаярыг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо

6Олимпийн анхны аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаярыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсын Соёлын элчээр томилж, гэрчилгээ гардуулав. Н.Түвшинбаяр өнөөдөр өглөө Дюселдорфын цомын аваргын тэмцээнд оролцохоор мордож буй юм. Тэрбээр Берлинд болох “ИТБ-Берлин-2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцож эх орноо сурталчилна. Шилдэг гадаад бодлого соёлын бодлого байдаг гэсэн зарчмаар Соёлын элч нь Монгол Улсыг гадаадад сурталчлах, соёл, урлаг, спортоор сурталчлах түүхийн судалгааны хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэгтэй юм. Гадаад хэргийн сайд энэхүү соёлын гадаад сурталчилгааны чиг үүргийг 2015 оноос Гадаад хэргийн яаманд бий болгож, соёлын элчээр дэлхийд алдартай Монгол иргэнээ томилдог журмыг батлаад байна. Олон улсын харилцааны зөөлөн хүчний бодлогын тулгуур болсон соёлын сурталчилгааг дипломат алба цаашид улам өргөжүүлэн хөгжүүлнэ гэж Гадаад хэргийн сайд тэмдэглэлээ.

Н.Түвшинбаярт 002 дугаартай Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулах ёслолын ажиллагаанд Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар, Жүдогийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат, Жүдо бөхийн улсын шигшээ багийн дасгалжуулагч О.Балжинням, ГХЯ-ны албаны хүмүүс байлцав. Мэргэжлийн Сумо бөхийн их аварга Хакухо М.Даваажаргалд Монгол Улсын Ерөнхий сайд 0001 дугаартай Соёлын элчийн гэрчилгээг Токио хотноо гардуулсан билээ.