Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Европын Парламентын төлөөлөгчидтэй уулзав

SUE_7189 - 1Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Европын Парламентын Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дэд дарга Габриэлюс Ландсбергис тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Монгол Улсад анх удаа чөлөөт, ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ой энэ жил тохиож буйг Гадаад хэргийн сайд онцлон, энэ ойн жил Европын Парламентын төлөөлөгчид Монгол Улсад ийнхүү айлчилж байгаад баяртай буйгаа илэрхийлэв. Мөн Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжиж байгааг тэмдэглээд хоёр талын харилцааг шинэ шатанд гаргах, үүнд Монгол Улс, Европын Холбооны хооронд 2013 онд байгуулсан “Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр” чухал үүрэг гүйцэтгэхийг онцоллоо.

Монгол Улс бүс нутагтаа ардчиллыг бэхжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулж буйг Европын Парламентын гишүүд уулзалтын үеэр онцлон тэмдэглэж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг тодорхой салбаруудад, тухайлбал, эдийн засаг, боловсролын салбарт улам бүр гүнзгийрүүлэх боломж бийг мэдэгдэв.

            Европын Холбооны Төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотод нээх асуудалд хоёр тал өндөр ач холбогдол өгч, ойрын ирээдүйд нааштайгаар шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй буйгаа уулзалтын үеэр илэрхийлэв.