МОНГОЛ-ЗӨВЛӨЛТИЙН ДАЙЧДЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨВ

Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас БНХАУ-ын Хөбэй мужийн Жанчхүү хотын Жанбэй хошуун дахь Монгол-Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулав. Арга хэмжээнд Монгол Улс, ОХУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-дын ажилтнууд, Жанчхүү хотын удирдлага, БНХАУ-ын ГХЯ, БХЯ-ны албаны хүмүүс болон Чөлөөлөх дайнд оролцсон Монголын ахмад дайчид, уг дайнд баатарлагаар тулалдаж амь насаа алдсан эрэлхэг дайчдын ар гэрийнхний төлөөлөл оролцов.

Цэцэг өргөх арга хэмжээний үеэр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, ОХУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд А.И.Денисов, Жанчхүү хотын орлогч дарга Жоу Лиминь болон ахмад дайчин Монгол Улсын СГЗ Э.Лувсанбалдан нар үг хэлэв.

Элчин сайд Ц.Сүхбаатар хэлсэн үгэндээ, БНМАУ-ын зэвсэгт хүчин Дэлхийн 2 дугаар дайны сүүлчийн голомт болсон милитарист Японы эсрэг Холбоотон гүрнүүдийн цэргийн ажиллагаанд идэвхтэй оролцож, Зүүн хойд Хятадыг чөлөөлөх дайнд 21 мянга гаруй офицер, байлдагч нараа илгээн оролцуулсныг тэмдэглээд хөрш орны аюулгүй байдал, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын төлөө алтан амиа өргөсөн Монгол, Зөвлөлтийн эрэлхэг дайчдын алдар гавьяа хөрш гурван орны ард түмнүүдийн сэтгэл зүрхэнд мөнхөд үлдэж, үүрд дуурсагдана” хэмээн онцлон тэмдэглэв.

Жанчхүү хотын орлогч дарга Жоу Лиминь хэлсэн үгэндээ “…70 жилийн тэртээ Хятадыг чөлөөлөх дайнд амь биеэ үл хайрлан тэмцэж, амь үрэгдсэн Монгол, Зөвлөлтийн дайчдын алдар гавьяаг Хятадын ард түмэн хэзээ ч мартахгүй, үргэлж санан дурсах болно” хэмээн тэмдэглэв.