Монгол Улстай дипломат харилцаатай орнуудаас БНАЛАУ нь хүн ам, эдийн засгийн нөхцөл байдлаараа төстэй гэж болно. Долоон сая хүн амтай, газар тариалан, хөдөө аж ахуйг эдийн засгийн гол тулгуур болгож хөгжүүлсэн Лаос улс нь Монголтой 1962 онд дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Хоёр улс байгалийн баялаг, нөөц боломжид тулгуурлан цаашид хэрхэн хамтран ажиллах гарцууд байгаа талаар БНАЛАУ-аас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бүнньян Сайсанавонгтай сонирхолтой яриа өрнүүллээ.

-Хагас зууны хугацаанд хоёр орны хооронд хамтын харилцаа хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгаа талаар яриагаа эхлүүлье?

-Манай хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш 50 жилийг үджээ. Энэ хугацаанд дээд хэмжээний харилцан айлчлалууд тогтмол хийж байсныг тэмдэглэх хэрэгтэй.

1976 онд Лаосын Вьеньтян хотноо Монгол Улсын Элчин сайдын яам байгуулж байсан бол Улаанбаатар хотод 1981 онд БНАЛАУ-ын Элчин сайдын яамыг байгуулсан байдаг. Хоёр орон урт хугацааны сайхан харилцаатай явсаар өнөөг хүрлээ. Монголын Засгийн газраас Лаос улсын мал аж ахуй, боловсрол, эрүүл мэнд зэрэг олон салбарт хамтран ажиллаж, туслалцаа үзүүлж байна. Түүнчлэн хоёр үндэстэн хоорондын улс төрийн эвтэй харилцааг эдийн засгийн харилцаа руу өргөжүүлэхэд бэлэн байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Лаос нь дэлхийн улс орнуудтай өргөн хүрээг хамарсан олон салбарт хамтран ажиллахыг зорьдог. Тэр дундаа хөгжингүй орнуудтай Мянганы хөгжлийн зорилтууд болох ядуурлыг бууруулах, энх тайвны харилцаа тогтоох, хүрээлэн буй орчноо хамгаалах зэрэгт анхаарал хандуулж ажилладаг гэж болно.

-Хамтран ажиллаж байгаа салбар гэвэл эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй гээд олныг нэрлэх байх. Тэр дундаа бодит ажил хэрэг болж буй ажлуудын талаар ярихгүй юу?

-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, хэвлэл мэдээлэл, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, мал үржүүлэг, мал эмнэлэг, банк санхүү, харилцаа холбоо, спортын салбарт хамтарч байна. Боловсролын салбар гэхэд 2007-2008 оны хичээлийн жилээс эхлэн жил бүр гурван оюутанд харилцан тэтгэлэг олгож оюутан солилцох тухай гэрээ байгуулсан. Харин 2010 онд нэмэлт өөрчлөлт оруулж, тэтгэлгийн тоог найм болгон шинэчилсэн. Мөн хоёр орны Ерөнхийлөгчийн Тамгын газрын хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг, хоёр орны Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, аж үйлдвэрийн хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг зэрэг хэд хэдэн чухал баримт бичиг байгуулсан байдаг. Энэ хүрээнд олон ажлуудыг хийж байна.

-Лаосын эдийн засагт газар тариалан, хөдөө аж ахуй голлох үүрэг гүйцэтгэж ирсэн түүхтэй. Тэгвэл өнөөгийн эдийн засаг ямар байгаа талаар сонирхуулахгүй юу?

-Лаосын эдийн засагт хөдөө аж ахуй, усан цахилгаан станц, аялал жуулчлалын салбар түлхүү хөгжиж байна. Мөн манай улсын Засгийн газар өв соёлоо хамгаалах, байгаль орчин, ногоон эдийн засгийг дэмжин ажиллаж түүний тогтвортой хөгжлийг хангахад анхаарал хандуулдаг. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх хурд, чанар зэрэг нь дэлхийн эдийн засагтай мөр зэрэгцэн алхах чадвартайг илэрхийлж байна гэж болно. Эдийн засагтай холбоотойгоор Мянганы зам гэх томоохон төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Лаосын бүх аймагт дэд бүтцээ сайжруулж зам, гүүр тавих ажлыг өрнүүлэх болсон. Түүнчлэн цахилгаан холбоо болон цэвэр усны шугам тавих  ажлыг бүх аймагт эрчимтэй хэрэгжүүлж байгаа. Бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх гол гарц болох дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх үүднээс эдгээр ажлыг хийж байна. Одоогийн байдлаар Лаос нь Монголтой адил цөөхөн орон руу нислэг үйлддэг. Тиймээс гадаад руу нислэг үйлдэх орнуудын тоог нэмэгдүүлэх зорилготой. Мөн эдийн засгийн чөлөөт бүсийг эрчимжүүлэх үүднээс усан боомтуудаа сэргээхээр ажиллаж байна. Эдгээр ажил нь мэдээж эдийн засгаа өргөжүүлж, сайжруулахтай уялдан хийгдэж байгаа юм.

-Монгол, Лаосын эдийн засгийн салбарт ижил зүйл цөөнгүй бий. Энэ салбар хоёр орны хамтын ажиллагааг хэрхэн холбож байдаг юм бол?

-Хоёр улсад хамтран ажиллах олон салбар мөн нөөц боломж их байдаг. Тухайлбал, хоёр оронд байгалийн баялаг, ой усны нөөц их гэдгийг хэлж болох юм. Лаос нь хөдөө аж ахуй болон модон бүтээгдэхүүн экспортолдог. Нэгэн сонирхолтой түүхийг сөхөхөд 2003 онд хоёр улсын урт хугацааны найрамдлын түүхийн бэлгэ тэмдэг болгон Лаосын Үндэсний Ассамблей Монголын УИХ-д хатуу модоор хийсэн сандал ширээ зэрэг тавилга бэлэглэсэн байдаг. Монгол Улсын хувьд мал аж ахуй, арьс, ноос ноолуур, уул уурхайн салбарын бүтээгдэхүүний арвин их нөөцтэй. Тиймээс хоёр улс харилцан төлөөлөгч урьж хамтын ажиллагааны туршлага солилцох хэрэгтэй гэж бодож байна. Ингэснээр худалдааны салбарт ажиллах боломж гарна гэсэн үг. Хоёр улс хөрөнгө оруулагчдын худалдааг харилцан дэмжиж ажиллахаар тохиролцсон. Эхний удаад Лаосаас Монгол руу жирийн будаа, наалдамхай будаа, кофе, элсэн чихэр, модон тавилга, гар урлал, шар айраг зэргийг экспортлож болно. Харин Монголоос мах, махан бүтээгдэхvvн, ноос, ноолууран хувцас, арьс ширэн бүтээгдэхүүн экспортлох боломж байна.

-Лаос нь Монголтой адил далайд гарцгүй орон. Тэгэхээр экспорттой холбоотой гадаад худалдааг хэрхэн зохицуулж байна вэ?

-Лаос улс нь АСЕАН-ны гишүүн орнуудаас ганцаараа далайд гарцгүй орон. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд манай Засгийн газраас далайд гарцтай орнуудтай хамтран ажиллах бодлого баримталж ирсэн. Тухайлбал, Вьетнам, Тайланд, Хятад зэрэг хөрш орнуудтай Лаосын Засгийн газар хамтардаг. Улмаар эдгээр орны далайн боомтыг ашиглах зөвшөөрөлтэй. Үүгээр  дамжуулан эдийн засгийн эргэлтээ сайжруулах эх үүсвэрийг бий болгосон юм. Лаосын нийгэм эдийн засгийн өсөлт нь жилд дунджаар найман хувиар өсч байдаг. Бидний хувьд далайд гарцтай орнуудтай Засгийн газар хоорондын гэрээ хийх нь үр дүнтэй арга замуудын нэг гэж үздэг.

-Монголын талаас Лаост будаа тарих төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Мэдээж энэ нь хоёр орны хамтын ажиллагааны нэг хэсэг болж байгаа. Энэ талаар сонирхуулахгүй юу?

-Лаосын будааны үйлдвэр нь Монголын компанитай хамтран Лаост будаа тариалах ажлыг эхлүүлээд байгаа. Одоогийн байдлаар энэхүү ажил маань дөнгөж эхний шатандаа явж байна. Лаосд будаагаа тариад эхэлсэн. Удахгүй Монголд цагаан будааны нэгэн төрөл болох жасмин будаа худалдаанд гарч эхлэх юм. Хамтарсан хөрөнгө оруулалттай хоёр компани нь цаашид ажлаа өргөжүүлнэ. Тухайлбал, Лаосчууд Монголд мал үржүүлгийн  ажил хийхээр төлөвлөж байна. Энэ ажлыг мэдээж хоёр улсын Засгийн газрын оролцоотойгоор шийдвэрлэх юм.

-Лаосын нэг онцлог бол эрчим хүчний хэрэглээгээ усан цахилгаан станцаас хангадаг. Хэрэв манайд усан цахилгаан станц байгуулвал хамтран ажиллах боломж бий юу?

-Лаос улсаар Меконг мөрөн урсдаг. Газар зүйн байрлалаас хамааран олон салаалсан байдаг нь улс орны хэмжээнд хэрэглэж болох нөөцөөс гадна хөрш зэргэлдээ орнуудад эрчим хүчээ экспортлох боломжийг бүрэн бүрдүүлсэн. Одоогийн байдлаар Тайланд, Вьетнам, Камбожи улсад эрчим хүч нийлүүлж байна. Манай улсын хувьд усны эрчим хүчний салбар нь улсын хөгжил дэвшил, үйлдвэрлэл, бизнес, хүн амын амьжиргааны төвшинг дээшлүүлэх, богино болон урт хугацааны стратегийн гол салбаруудын нэг юм. Цахилгаан станц нь байгаль хүрээлэн буй орчноо хамгаалах, цахилгаан эрчим хүчний нөөцөө өргөжүүлэх түүнчлэн байгаль, усны нөөцийн тогтоцын тогтвортой ашиглалтыг хангах чиг үүрэгтэй. Манай хоёр улс энэ чиглэлээр хамтарсан хөрөнгө оруулалт хийж, харилцан туршлага судалж ажиллах боломжтой.

-Манай их, дээд сургуульд Лаосын оюутан олон суралцдаг. Ер нь эрүүл мэнд, боловсролын салбарын хамтын ажиллагаа түлхүү байх шиг. Цаашид хийхээр төлөвлөж буй ажлууд юу байна?

-Монголын боловсролын салбар нь дэлхийн жишигт нийцсэн маш сайн системээр явж байгаа гэж би хувьдаа боддог. Салбар сайн хөгжиж байгаагийн гол шалтгаан нь зөв бодлоготой уялдаж байгаа хэрэг. Одоогоор Монголын их сургуулиудад Лаосын 40 гаруй оюутан суралцаж байна. Тэдгээрийн 16 нь эрүүл мэнд, анагаахын чиглэлээр сурдаг. 2011-2014 он хүртэл Лаосын талаас жил бүр найман оюутан ирж суралцсан. Харин Монголоос Лаост суралцах оюутны тоо харилцан адилгүй байдаг. Лаос оюутнуудын хувьд энд ихэвчлэн анагаах ухаан, техник, уул уурхайн чиглэлээр суралцаж байна. Мөн цаашид ХААИС-д мал эмнэлгийн чиглэлээр сурах хүсэлтэй оюутнууд их болсон. Монголоос манай улсад 20 орчим оюутан сурч байна. Эрүүл мэндийн салбарын тухайд Лаост Монгол-Лаосын найрамдлын нэрэмжит эмнэлэг бий. Тус эмнэлэгт Монголын дөрвөн мэргэжилтэн очиж ажиллаад ирсэн. Одоогоор гурван Монгол эмч ажиллахаар төлөвлөж байна. Цаашид энэ хөтөлбөрийг урт хугацаанд үргэлжлүүлэхээр төлөвлөсөн. Жил бүр эмч, мэргэжилтэн илгээж байгаа нь хамтын ажиллагааны нэг илэрхийлэл юм.