ГАДААД ХЭРГИЙН САЙД СТАНФОРДЫН ИХ СУРГУУЛЬД ЗОЧЛОВ

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Станфордын их сургуулийн Ардчилал, хөгжил, хуулийн засаглалын төвд зочилж, профессор Ларри Даймондтой уулзав.

 Уулзалтын үеэр сайд Л.Пүрэвсүрэн энэ онд Монгол Улс анхны ардчилсан чөлөөт сонгууль явуулж, ардчилсан тогтолцоог сонгосны 25 жилийн ой тохиож байгааг тэмдэглэхийн зэрэгцээ цаашид үүнийг төлөвшүүлж, төгөлдөржүүлэхэд энэ чиглэлээр судалгаа явуулдаг эрдэмтдийн санал бодол, зөвлөгөө чухал болохыг онцлов. Профессор Л.Даймонд манай улсад зочлох үеэрээ төрсөн сэтгэгдэл, ялангуяа манай улс дахь ардчиллын өнөөгийн байдал, түүнийг төлөвшүүлэх, төгөлдөржүүлэх талаар өөрийн санал бодлоо хуваалцав.

 Профессор Л.Даймонд нь улс төр судлал, түүний дотор ардчиллын асуудлаар АНУ-ын хамгийн нөлөө бүхий эрдэмтний нэг бөгөөд өнгөрсөн оны 10 дугаар сард Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн ЗДТГ, Олон Улсын Бүгд найрамдахчуудын хүрээлэнтэй хамтран Авлигатай тэмцэх газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан “Нээлттэй Улаанбаатар-2014” олон улсын форум, энэ оны 5 дугаар сард “Онлайн эрх чөлөө” эвслийн V бага хуралд урилгаар оролцож илтгэл тавьж байсан юм.

150720-4-2-2

Дээрх уулзалтын дараа Гадаад хэргийн сайд тус сургуулийн дэргэдэх Шорейнштайны нэрэмжит Ази-номхон далайн судалгааны төвийн захирал, профессор Ги Вүк Шин, тус төвийн судлаач, Элчин сайд асан М.Армакост, Олон улсын аюулгүй байдал, хамтын ажиллагааны төвийн судлаач, чөлөөнд гарсан дэслэгч генерал К.Эикенберри нартай дугуй ширээний ярилцлага хийж, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар санал бодлоо хуваалцав.

1885 онд байгуулагдсан Станфордын их сургууль нь АНУ-ын улс төр, эдийн засаг, гадаад бодлогод гол нөлөө үзүүлдэг, олон нэрт эрдэмтэн, судлаачтай дэлхийн шилдэг их дээд сургуулийн жагсаалтад хоёрдугаарт эрэмблэгддэг сургууль юм.