МОНГОЛ УЛС, ЦӨМИЙН ЗЭВСЭГТЭЙ ТАВАН ГҮРНИЙ ТӨЛӨӨЛӨГЧИД УУЛЗЛАА

Урьд өмнө ярилцаж байсан ёсоор Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээний хэрэгжилтийг 2015 онд хэлэлцэх бага хурлын бэлтгэл хорооны хуралд оролцож буй цөмийн зэвсэгтэй таван гүрэн болох  АНУ, ОХУ, БНХАУ, ИБУИНВУ, БНФУ-ын болон Монгол Улсын төлөөлөгчид 5 дугаар сарын 7-ны өдөр Вена дахь НҮБ-ын олон улсын төвд уулзаж, цөмийн зэвсгээс ангид Монгол улсын статусыг олон улсын хэмжээнд цаашид баталгаажуулах асуудлаар санал бодлоо солилцсон байна.

Уулзалтын эхэнд Элчин сайд Ж.Энхсайхан Монгол Улсын энэхүү тусгай стаусыг олон улсын хэмжээнд урагшлуулах талаар 2010 оноос хойш хийсэн алхмын талаар мэдээлж,  ойрын үед хамтран хийж болох алхмын талаар санаа бодлоо илэрхийлжээ. Дараа нь АНУ, ОХУ, БНХАУ, ИБУИНВУ, БНФУ-ын Элчин сайд нар хэлэлцэж буй асуудлын талаар санал бодлоо тус тус илэрхийлсэн байна.

2001 оноос хойш ийм бүрэлдэхүүнээр хийж байгаа анхны уулзалт энэ болж байна. Цөмийн зэвсэгтэй гүрнүүдээс 2000 онд Монгол Улсад олгосон цөмийн аюулгүй байдлын баталгааны агуулгыг монголын тал Монголын геостратегийн өвөрмөц байдалд улам тохируулан гаргуулж, түүнийг олон улсын хэмжээнд бүрэн хүлээн зөвшөөрүүлүүлэх бодолтой байгаа юм.

Уулзалтын үеэр цөмийн зэвсэгтэй гүрнүүдээс Монголд олгож болох нэмэлт баталгааны агуулга, хэлбэрийн талаар санал бодлоо илэн далангүй солилцжээ. Цөмийн зэвсэгтэй таван гүрэн гарсан саналуудын талаар өөр хоорондоо зөвшилцөөд монголын талтай эргэж ярилцахаар тохиролцов.