1. Сайн байна уу, Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн хугацаанд Та Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан. Гадаад хэргийн сайдаар томилогдоод тодорхой хугацаа өнгөрч байна. Гадаад бодлогын тэргүүлэх чиглэлээс яриагаа эхлэх үү?

Сайн байна уу. Гадаад хэргийн сайдаар томилогдоод 4 сар болох гэж байна. Энэ салбарт олон жил ажилласны хувьд дипломат үйл ажиллагааг хэрхэн үр өгөөжтэй явуулах, гадаад бодлогын зорилтуудыг үр дүнтэй, шуурхай хэрэгжүүлэх талаар өөрийн хуримтлуулсан онол, практикийн тодорхой мэдлэг, туршлагыг ажил хэрэг болгох боломж олдсонд баяртай байгаа. Аливаа гадаад бодлогыг тулж, бадрааж, цогцлоож байдаг тулгын гурван чулуу нь улс төр, эдийн засаг, соёлын хамтын ажиллагаа юм. Тиймээс Гадаад хэргийн яамандаа Эдийн засгийн хамтын ажиллагааны газар, Гадаад сурталчилгаа, мэдээллийн газрыг тус тус шинээр байгуулж, гадаад бодлого явуулахдаа улс төрийн харилцааны түвшинг эдийн засаг, соёлын хамтын ажиллагаатай цогцоор нь харж, уялдуулан ажиллахыг зорьж байгаа. Гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн хувьд “ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт мөн” гэж манай улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд тодорхой туссан байгаа. Мэдээж “гуравдагч хөрш”-ийн бодлогыг энд орхигдуулж болохгүй. Монгол Улс нь энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулдаг орны хувьд Өрнө, Дорнын өндөр хөгжилтэй орнуудтай “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэхийг зорин ажиллах ёстой.

2. Монгол улс бол хоёр том орны дунд байдаг, геополитикийн хувь өөрийн гэсэн онцлогтой орон. Монгол, Орос, Хятадын төрийн тэргүүнүүдийг уулзалтын талаар ярина уу.

Тийм ээ, Орос, Хятад гэсэн хоёр хүчирхэг гүрний хөршийн дунд оршдог Монгол Улсын гадаад бодлого өөрийн гэсэн онцлогтой. ОХУ болон БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг юм. Энэхүү чиглэлийн хүрээнд Монгол Улс ОХУ, БНХАУ-тай тогтоосон стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, бодит агуулгаар баяжуулахын төлөө идэвхтэй хамтран ажиллаж байна. Тухайлбал, гурван улс хамтын ажиллагааныхаа гурван талт механизмыг хөгжүүлж эхлээд байна. Энэхүү механизмын гол зорилго нь гурван талын эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой асуудлуудаар санал солилцох, шийдвэр гаргахад оршиж байгаа юм. Энэ зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар гурван улсын төрийн тэргүүн нарын анхны уулзалтыг 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Бүгд Найрамдах Тажикистан Улсын Душанбе хотноо зохион байгуулсан. Энэхүү уулзалтаар харилцан ашигтай гурван талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилго бүхий Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын дээд түвшний уулзалтын зарчим, зорилго, үндсэн чиглэлүүдийн талаар санал солилцсон юм. Гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтыг цаашид тогтмол хийж, Улаанбаатарын уулзалт гэж нэрлэхийг манай талаас санал болгосон бөгөөд ээлжит уулзалтыг энэ оны 7 дугаар сард ОХУ-ын Уфа хотноо зохион байгуулахаар талууд тохиролцож, бэлтгэж ажлыг хангаж байна. Төрийн тэргүүн нарын хоёрдугаар гурван талт уулзалтыг амжилттай зохион байгуулах үүднээс энэ оны 3 дугаар сарын 23-нд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд нарын түвшний хоёрдугаар зөвлөлдөх уулзалтыг Бээжин хотноо зохион байгуулж, улс төр, худалдаа, эдийн засгийн харилцаа, олон улс болон бүс нутгийн гэх зэрэг олон асуудлаар санал солилцохын зэрэгцээ төрийн тэргүүн нарын хоёрдугаар уулзалтын бэлтгэл ажлыг хангах, хэлэлцэх асуудлуудыг тохиролцлоо.

3. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын гадаад харилцааны салбарт гарсан томоохон ахиц дэвшлийн нэг бол Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалт байсан. Гадаад харилцааны салбарт гарсан амжилт, ахицын тухайд та юу нэмж хэлэх бол?

Тиймээ. Өнгөрсөн онд хоёр хөршийн маань төрийн тэргүүн нар ээлжлэн Монгол Улсад айлчилсан. Дээрх айлчлал, арга хэмжээний үеэр нийт 56 баримт бичигт гарын үсэг зурснаас Монгол Улс Хятад Улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр, Монгол Улсын иргэд, Оросын Холбооны Улсын иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай хэлэлцээрийг тус тус байгуулсан нь чухал ач холбогдолтой болсон. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Итали Улсын Милан хотноо болсон Ази, Европ (АСЕМ)-ын уулзалтын 10 дахь удаагийн дээд түвшний уулзалтад оролцож, АСЕМ-ын 20 жилийн ой тохиох 2016 оны 11 дэх дээд түвшний уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах шийдвэр гарснаар нэр төртэй бөгөөд хариуцлагатай үүрэг бидэнд ногдож байна. Монгол Улс Онлайн Эрх чөлөө эвслийг мөн даргалж байна. Канад Улсын Засгийн газар тус орноос хөгжлийн албан ёсны тусламж авах улсын онцгой жагсаалтад Монгол Улсыг 2014 онд анх удаа хамруулсан гэх мэт гадаад харилцааны салбарт гарсан томоохон дэвшлүүдийг нэрлэж болно.

4. Гадаад бодлого гэдэг эргээд Монголын тусгаар тогтнол, эдийн засаг, Монгол түмэнд юу хэрэгтэй байна тэрийг л бий болгох нөхцлийг нь бүрдүүлэх ёстой гэж та ярих дуртай. Энэ зорилгоо биелүүлж чадаж байна уу? Гадаад бодлогын үр дүн ямар байна вэ?

Тусгаар тогтнолоо улс төр, дипломатын аргаар хангах, эдийн засгийн гадаад таатай орчинг бүрдүүлэх, хилийн чанад ажиллаж, амьдарч, сурч, боловсорч буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах нь Монгол Улсын гадаад бодлогын томоохон зорилтууд юм. НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоох, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг, Онлайн эрх чөлөө эвсэл, АСЕМ-ийн дээд түвшний уулзалт, Зүүн хойд Азийн Улаанбаатарын яриа хэлэлцээ зэрэг олон улсын болон бүс нутгийн томоохон арга хэмжээг даргалах, зохион байгуулах, санаачлах нь Монгол Улсын тусгаар тогтнолыг олон улсын тавцанд баталгаажуулж буй гадаад бодлогын үр дүн юм. Япон Улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, АНУ-тай  Олон Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах хэлэлцээрийг тус тус байгуулсан нь эдийн засгийн гадаад таатай орчинг бүрдүүлэх гадаад бодлогын үр дүн мөн.  Монголчууд ихээр суурьшсан гадаадын зарим хотод Элчин сайдын яам, Консулын төлөөлөгчийн газар шинээр байгуулах, Ялтан шилжүүлэх хэлэлцээр бусад улстай хийх, хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн шугамаар хүнд хэцүү нөхцөлд орсон иргэддээ тусалж буй нь гадаад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалсан гадаад бодлогын үр дүн юм.

5. Саяхан УИХ-аас Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийг баталлаа. Энэхүү түншлэлийн хэлэлцээр батлагдсанаар манай улсад нээгдэж буй боломж, давуу тал нь юу вэ? Цаашид өөр улс оронтой Эдийн засгийн гэрээ хийхээр яригдаж байна уу ?

Энэхүү Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь манай улсын хувьд ийм төрлийн анхны хэлэлцээр юм. Хэлэлцээрийг Япон Улстай байгуулснаар манай улс бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн орох боломж нээгдэхийн зэрэгцээ Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд заасан “Гуравдагч хөрш”-ийн бодлогыг эдийн засгийн агуулгаар баталгаажуулахад томоохон хувь нэмэр болох юм. Энэхүү хэлэлцээр нь манай улсын гадаад эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд гарч буй цоо шинэ амжилт. Хэлэлцээрийг байгуулсанаар хоёр орны худалдааны эргэлт нэмэгдэх, худалдаан дахь тарифын болон тарифын бус саад тотгор багасах, худалдааг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулах, Японы дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, Японы оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж үзэж байна. Манай хоёр улс нийт 1355 төрлийн бараа экслортлож, импортлодог. Харин энэхүү хэлэлцээрийн хүрээнд Монголын тал 5700, Японы тал 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифыг бууруулна. Улс орон бүрийн хувьд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах арга нь өөр өөр байдаг. Иймд манай улс цаашид БНХАУ, ЕвроАзийн эдийн засгийн холбоо, АНУ, Канад, Солонгос зэрэг улс орнууд болон бүс нутгийн эдийн засгийн бусад байгууллагатай эдийн засгийн түншлэл, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах талаар судалгаа хийх, харилцан санал солилцох зэрэг яриа хэлэлцээг эхлүүлээд байна.

6. Өнөөдөр шиг эдийн засгийн нөхцөл байдал хүнд үед Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэхэд дипломат алба ямар үүрэг гүйцэтгэх вэ?

Гадаад бодлогын эрхэм зорилго нь Монгол Улсын гадаад харилцааг үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, гадаад бодлогын үзэл баримтлалд тодорхойлсон зарчим, чиглэлээр улс орны болон дэлхий дахины улс төр, эдийн засгийн шинэ нөхцөл байдалтай уялдуулан тууштай хэрэгжүүлж, Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний хөгжилд олон улсын таатай гадаад орчныг бүрдүүлэх, үндэсний язгуур эрх ашиг, тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн гадаад бодлогыг идэвхтэй явуулах, гадаад эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үйл ажиллагааг тууштай үргэлжлүүлэх зорилтуудыг удирдлага болгодог. Энэ ч утгаараа үе үеийн Монгол Улсын гадаад харилцаа, дипломат алба нь эдийн засгийн нөхцөл байдал ямар байхаас үл хамааран улс орныхоо эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэхэд гадаад таатай орчинг бүрдүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцан таатай нөхцлийг бий болгоход хичээл зүтгэл гарган ажиллаж ирлээ. Үүний нэг жишээ бол саяын миний дурдсан Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийг байгуулсан явдал юм. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн зарим макро үзүүлэлт буурсан, инфляци, хэрэглээний индекс өсөлттэй байгаа ч Монгол Улс сүүлийн жилүүдэд эдийн засгийн өндөр өсөлттэй, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан орон боллоо. ГХЯ-наас эдийн засгийн хүндрэлээс гарах, цаашид хөгжлийн тогтвортой өсөлтийг бий болгоход чиглүүлэн урьдын адил гадаадын хөрөнгө оруулалтыг татах, шинэ техник технологийг оруулах, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдааг нэмэгдүүлэх чиглэлээр хоёр болон олон талын хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулахад анхаарч ажиллаж байна.

7. Өнгөрсөн оны 12 дугаар сард Монгол Улс Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ. 25 жил гэдэг бол маш урт цаг хугацаа. Таныхаар ардчилсан хувьсгалын ололт амжилт юу байсан бол?

Юуны түрүүнд Ардчилсан хөдөлгөөн үүссэний 25 жилийн ойн мэндийг ардчиллыг эрхэмлэн дээдэлж, түүнийг бэхжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулан, ардчилал, зах зээлийн эдийн засаг, нээлттэй нийгмийг цогцлоох хөгжлийн замыг сонгосон Монгол Улсын нийт иргэддээ хүргэж байна. Бид Монгол Улсад анхны ардчилсан чөлөөт сонгууль хийсэн өдөр энэ оны 7 дугаар сарын 29-ний өдөр тохиож буйтай холбогдуулан ардчилал, хүний үндсэн эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг дэлхийн үнэт зүйлтэй улс орон гэдгээ гадаад ертөнцөд бататган сурталчилахаар ажиллаж байна. Учир нь Ардчиллын гурав дахь давалгаа гэгддэг улс орнуудын дотроос Монгол Улсын ардчилсан шинэчлэл олон талаараа онцлогтой. Бид ардчилал, зах зээлийн эдийн засагт нэгэн зэрэг тайван замаар шилжсэн улс. Мөн Ардын Их Хурлын 1990 оны сонгууль бүс нутагтаа анхных төдийгүй бүрэн чөлөөт, шударга сонгууль болсон. Манай улс олон улсын тавцанд Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын 5 дугаар бага хурал, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын хурлыг тус тус даргалсан. Онлайн эрх чөлөө бол хүний үндсэн эрх хэмээн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл шийдвэрлэснийг бид дэмждэг.Ардчиллыг шинээр тогтоож буй улс орнуудыг дэмжих зорилгын үүднээс бид Олон улсын хамтын ажиллагааны санг байгуулсан зэрэг өнөөдөр Монголын ардчилал бүс нутагтаа үлгэр дууриал болж байна. Цаашид шууд ардчилал, иргэний оролцоо, орон нутгийн эрх мэдэл, ухаалаг төр, хариуцлага тооцох эрх зүйн орчин, шударга ёсны тухай онцгойлон анхаарч шударга, хүмүүнлэг сайн засаглалыг бий болгох, хүн бүхэн хууль дээдлэх ёсыг эрхэмлэх, бүтээлч байх сэтгэл зүйг төлөвшүүлэхийг зорьж байна.

8. Та сайд болоод гурван Монгол иргэнийг “Монгол Улсын Соёлын Элч”-ээр томиллоо. Өмнө нь гадаад иргэнийг томилдог байсан, харин та Монгол хүнийг томилж эхэлсний шалтгаан юунд оршиж байна вэ?

Гадаад бодлогын нэг чухал тулгуур болох соёлын гадаад бодлогыг сэргээх зорилт тавиад ажиллаж байна. Соёлын элчийн алба нь соёлын харилцааг өргөжүүлэх зөөлөн хүчний бодлогын шилдэг туршлага, загварт тооцогддог. Юнескогийн Соёлын элч, Энхийн элч зэрэг институтыг нэрлэж болно.  2006 онд батлагдсан “Монгол Улсын Соёлын Өргөмжит элчийн журам”-д Монголыг гэсэн сэтгэлтэй гадаадын иргэдийг Соёлын элчээр ажиллуулахаар зааж, 2014 оныг хүртэл гадаадын 10 иргэнийг Соёлын өргөмжит элчээр томилон ажиллуулж ирсэн. Хилийн чанадад зорчиж, ажиллаж, амьдарч, суралцаж буй иргэн бүр өөрийн болоод Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөх хүсэл эрмэлзэл тээж явдаг. Иргэд маань эх орныхоо гадаад сурталчилгааны бодит илэрхийлэл, соёлын харилцааны гүүр болж Монгол Улсын гадаад бодлогыг хэрэгжүүлэх салшгүй чухал хэсгийг бүрдүүлдэг учраас монгол иргэддээ Монгол Улсаа сурталчлах хүндтэй албанд томилогдон ажиллах боломжийг нээж өгөхийг чухалчилсан юм. Энэ бодлогоор “Монгол Улсын соёлын элчийн журам”-ыг өнгөрсөн нэгдүгээр сард шинэчлэн баталсан, гадаадын иргэдээс гадна монгол иргэд соёлын элчээр томилох эрхийг нээсэн. Эдүгээ Японы Сумо бөхийн их аварга, Хөдөлмөрийн баатар Хакухо М.Даваажаргал, Монгол Улсын Олимпийн анхны аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Монгол Улсын Гавьяат жүжигчин, АНУ-ын Бостон балетын гоцлол бүжигчин Д.Алтанхуяг нарыг Монгол Улсын Соёлын элчээр томилж, хамтран ажиллаж байна. Соёлын элчийн тоог хязгаарлахгүй аль болох дэлхий даяар өргөн хүрээнд соёлын бодлогыг хэрэгжүүлнэ.

9. Монгол Улс, Өмнөд Умард Солонгостойгоо аль алинтай найрсаг харилцаатай байдаг цөөхөн улсын нэг. Энэ утгаараа “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилга их ач холбогдол өгдөг. Саяхан таны урилгаар БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд манай улсад айлчлаад буцлаа. Ямар хэлэлцээ, хэлэлцээр хийсэн бэ?

Манай улс БНСУ, БНАСАУ-тай найрсаг харилцаатай. Энэ онд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буй бөгөөд манай хоёр орон “иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд харилцаагаа бүхий салбарт л өргөжүүлэн хөгжүүлж байгаа. Миний урилгаар БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Сү Ен энэ оны 2 дугаар сарын 22-25-нд манай улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын үеэр улс төрийн яриа хэлэлцээг шинэ үеийн шаардлагад нийцүүлэн тогтмол зохион байгуулах, дипломат ажилтнуудыг харилцан солилцох, олон улсын тавцанд хамтран ажиллах талаар санал солилцож, “Монгол Улсын Гадаад хэргийн яам, БНАСАУ-ын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг”-ийг шинэчлэн байгуулсан юм. Түүнчлэн манай улс БНАСАУ-д мал аж ахуй хөгжүүлэхэд нь туслах, мөн хөдөө аж ахуйн чиглэлээр сургалт, дадлага явуулах, мал аж ахуйн арга туршлагаасаа хуваалцах санал тавьсныг солонгосын тал талархан хүлээж авсан. 2013 онд, Улаанбаатар хотноо чуулсан “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг” -ийн Сайд нарын 7 дугаар бага хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “УБ-ын яриа хэлэлцээ” санаачилгыг анх дэвшүүлсэн. Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачилгын үндсэн зорилт бол бүс нутгийн бүх улс орнууд хамтран тулгамдсан буй асуудлуудаа ярилцаж шийдвэрлэх, хамтран ажиллах замаар ЗХА–ийн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг бий болгоход Монгол Улсын зүгээс хувь нэмэр оруулах явдал юм. Өнөөдөр “УБ-ын яриа хэлэлцээ” санаачилгын үйл ажиллагааны цар хүрээ өсч байгаатай холбогдуулан ГХЯ-нд ЗХА-ийн хамтын ажиллагааны хэлтсийг байгуулан ажиллаж байна. Энэхүү санаачилгын хүрээнд энэ онд Зүүн хойд Азийн орнуудын шинжээчдийн түвшний “Эрчим хүчний хэлхээ холбоо” уулзалтыг 3 сарын 17,18–ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Энэ уулзалтад ОХУ, БНХАУ, БНСУ, БНСАУ, Япон улсын эрдэмтэн судлаачид оролцож, 20 гаруй илтгэл лекц хэлэлцүүллээ. Мөн 5 сарын сүүлээр, Монголын Залуучуудын Холбооноос зохион байгуулах “Азийн залуучуудын чуулга уулзалт”–ын хүрээнд ЗХА-ийн залуучуудын уулзалт, 6 дугаар сард Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ЗХА-ийн хотуудын дарга нарын уулзалт, ЗХА–ийн эмэгтэй Парламентчдийн чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулаад байна. “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээнд БНАСАУ өнөөг хүртэл идэвхтэй, тогтмол оролцож ирсэн. БНАСАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр солонгосын тал Улаанбаатар хотноо зохион байгуулагдах арга хэмжээнүүдэд цаашид ч идэвхтэй оролцохоо илэрхийлээд байна.

10. Монгол Улс энэ оны 3 дугаар сард зохион байгуулагдсан “ИТБ-Берлин-2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн түнш орноор оролцлоо. Түнш орноор оролцсоны ач холбогдол, үр дүн юу байсан бол.

1966 оноос эхлэн Берлин хотноо зохион байгуулагдаж буй “ИТБ Берлин” үзэсгэлэнд Монгол Улс 1989 оноос тогтмол идэвхтэй оролцож ирсэн бөгөөд 2011 онд “Соёлын түнш орон”-оор амжилттай оролцсон. Энэ оны 3 дугаар сарын 3-8-ны өдрүүдэд Монгол Улс “ИТБ-Берлин-2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд “Түнш орон”-оор “Mongolia, Nomadic by Nature” уриатай оролцож үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлсэн. Үзэсгэлэнд түнш орноор оролцсоноор Монгол Улсыг эерэгээр таниулсан арга хэмжээнүүдийг зохион байгуулж, Монголын түүх, зан заншил, соёл урлаг, байгалийн үзэсгэлэнт газруудын талаар олон улсын зочдод сурталчлан таниулж чадсан. Монгол Улс түнш орноор зарлагдсанаас хойш нэг жилийн турш Монголын талаарх мэдээлэл, сурталчилгааны видеог Германы хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээний сувгуудаар дамжин Европын Холбооны орнуудын 570 сая хэрэглэгчдэд хүргэсэн юм.Энэ жилийн “ИТБ Берлин” аялал жуулчлалын үзэсгэлэнд дэлхийн 186 улсын 10 096 аялал жуулчлалын байгууллага оролцож, өөрийн улс орон, аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулсан ба тус үзэсгэлэнг 175,000 зочин ирж сонирхсон байна. Мөн 75 улсын 5 180 орчим хэвлэл мэдээллийн төлөөлөгч “ИТБ Берлин” үзэсгэлэнг зорин ирж, сурвалжлага, нэвтрүүлэг хийжээ. Монгол Улсын хувьд үзэсгэлэнд “Түнш орон”-оор оролцсон нь аялал жуулчлалын салбараа сурталчлах томоохон боломжийг бий болгосон.

11. Та саяхан Женевт айлчилж Хүний эрхийн зөвлөлийн 28 дугаар өндөр түвшний хуралдаанд оролцож, үг хэлсэн. Монгол Улсын Засгийн газраас хүний эрхийг дэмжин хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ юу байгаа бол?

Хүний эрхийн зөвлөл нь НҮБ-ын систем дэх засгийн газар хоорондын байгууллага бөгөөд дэлхий дахинд хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсийг бэхжүүлэх, хүний эрхийг зөрчсөн эсэх асуудлыг авч хэлэлцэж, байр сууриа илэрхийлж, тухайн асуудлаар зөвлөмж гаргах болон бусад арга хэмжээ авах чиг үүрэгтэй. Өндөр түвшний хуралдааны ач холбогдол, Хүний эрхийн зөвлөлийн 2015 оны сонгуульд нэр дэвшиж буй улсын хувьд энэ хуралд манай Засгийн газар сүүлийн 3 жил өндөр түвшний хуралдаанд Гадаад хэргийн сайд, дэд сайдын түвшинд оролцож, хүний эрхийн, тухайлбал цаазаар авах ялыг халах асуудлаарх Монгол Улсын байр суурь, хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх товч мэдээлэл хийж ирсэн. Гадаад хэргийн сайдын эрхлэх асуудалд хамрах олон улсын гэрээ хэлэлцээрт нэгдэн орох өнцгөөс нь Засгийн газраас хүний эрхийг дэмжин хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх таны асуултад хариу өгөх нь оновчтой болов уу. Монгол Улсын Их Хурал Цаазаар авах ялыг халахад чиглэсэн Иргэний болон улс төрийн эрхийн тухай конвенцийн нэмэлт II протоколыг 2012 онд соёрхон баталсныг бид мэднэ. Хууль зүйн яамнаас хариуцан боловсруулж буй Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд цаазаар авах ялыг ялын төрлөөс хассан бөгөөд энэ хууль болон батлагдсанаар манай улс цаазын ялгүй орон болох юм. Түүнээс гадна олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ-ын Хүний эрхийн холбогдох хороодоос нэгдэн орохыг манай улсад зөвлөмж болгосоор ирсэн Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц болон Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколыг 2014 онд соёрхон баталсан. Олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орох нь чухал алхам боловч тэдгээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх, Монгол Улсын хууль тогтоомжийг эдгээр гэнээнд нийцүүлэх, хэрэгжүүлэх нь түүнээс чухал. Энэ асуудал дээр Гадаад хэргийн яам холбогдох бусад яам, агентлагтай хамтран онцгойлон анхаарч ажиллах шаардлага байгаа.

12. Монгол Улс 2016 онд АСЕМ Дээд түвшний уулзалтыг эх орондоо хүлээн авахаар болсон. Дэлхийн 50 гаруй орны Төрийн тэргүүнийг нэг дор хүлээн авах бэлтгэл ажлын явц ямар байна вэ?

2014 оны 10 дугаар сард Италийн Милан хотноо хуралдсан АСЕМ-ын Дээд түвшний уулзалтаас АСЕМ-ын 20 жилийн ой тохиох 2016 оны 11 дэх Дээд түвшний уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах шийдвэр гарсан. Энэхүү чухал арга хэмжээг амжилттай зохион байгуулахын тулд Засгийн газрын хэмжээнд онцгой ач холбогдол өгч тус уулзалтыг зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөл байгуулсан. Ерөнхий сайдаар ахлуулсан уг зөвлөл Байр, зочид буудлын асуудал хариуцсан Ажлын хэсэг, Аюулгүй байдал, ёслол, улсын хил нэвтрэх асуудал хариуцсан Ажлын хэсэг, Зам, тээвэр, харилцаа холбоо, нисэх буудлын асуудал хариуцсан Ажлын хэсэг, Үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээ, хоол хүнс, түүний аюулгүй байдлыг хариуцсан Ажлын хэсэг, Дээд түвшний уулзалтын хуралдаан, үндсэн арга хэмжээнүүдийн зохион байгуулалт, баримт бичгийн асуудал хариуцсан Ажлын хэсэг, Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны асуудал хариуцсан Ажлын хэсэг зэрэг нийт зургаан Ажлын хэсгээс бүрдэж байна. Мөн Гадаад Хэргийн Яамны харьяа АСЕМ-ын бэлтгэл ажлын албыг байгуулсан. Дээд түвшний уулзалт болон дагалдах арга хэмжээнүүдийн тов, сэдвийг тодорхойлох, оюуны, практикийн, санхүүгийн дэмжлэг авах тал дээр Ази, Европын түншүүдтэйгээ зөвшилцөх ажлуудыг идэвхитэй явуулж байна.