МОНГОЛ УЛС БАЙНГА ТӨВИЙГ САХИХ БОДЛОГО БАРИМТАЛСНААР ХӨГЖЛИЙН ШИНЭ ГАРЦ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАС НЭГЭН ДАРХЛААТАЙ БОЛНО

МОНГОЛЫН ГЕОПОЛИТИКИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРАЛ, ДОКТОР ПРОФЕССОР Ж.ЧОЙНХОР

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс төвийг сахих бодлого баримтлах санал гарган Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөр хэлэлцүүлэн, хуулийн төслийг санаачлан УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх, цаашлаад энэхүү асуудлыг ажил хэрэг болгох, олон улсын хүрээнд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар Засгийн Газарт зөвлөмж хүргүүлсэн. Манай улс төвийг сахих бодлого баримталснаар  ямар ач холбогдол, эерэг байдал, шинэ боломж бидэнд ирэх тухай тодруулахаар Монголын Геополитикийн хүрээлэнгийн захирал, доктор профессор Ж.Чойнхортой уулзаж ярилцсан юм. Олон жил дипломат албанд хүчин зүтгэсэн элчин сайд, туршлагатай, мэргэжлийн хүний хувьд түүний байр суурь, зөвлөлгөө уншигч танд үнэн, зөв мэдээлэл болон хүрэх биз ээ.

 –          Монгол Улс төвийг сахих бодлого баримтлах нь хэр ач холбогдолтой шийдвэр вэ? Үүнээс шалтгаалан манай улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд өөрчлөлт орох уу?

–          Манай гадаад бодлогын энэ шинэ алхам чухал ач холбогдолтой гэж би үзэж байна. Монгол Улс НҮБ-д элсээд 50 гаруй жил боллоо. Энэ хугацаанд Монгол Улс энхийг эрхэмлэсэн, эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнийг дэмжсэн, түүний гишүүнээр ажилласан билээ. Иймээс Монгол Улс төвийг сахих бодлого баримтлах нь өнгөрсөн 70 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн энх тайванч гадаад бодлого, дэвшүүлж байсан санал санаачлагын зүй ёсны логик үргэлжлэл болж байгаа юм.  Олон улсын туршлагаас харахад төвийг сахих байр суурь хоёр янз байдаг. Нэг нь дайн, зэвсэгт мөргөлдөөний үед төвийг сахих, нөгөө нь гадаад бодлогодоо байнга төвийг сахих хэлбэр байдаг. Манай улсын дэвшүүлэн тавьж буй бодлого бол байнга төвийг сахих статуст хамаарч байгаа. Энэхүү бодлогыг хуулийн дагуу ёсчлон биелүүлэх тохиолдолд манай улсын олон улсын эрх зүйн орчинд тодорхой хэмжээний өөрчлөлт хийх шаардлагатай болно. Гэхдээ энэ өөрчлөлт Монголын гадаад бодлогын зорилго зарчимд төдийлөн нөлөөлөхгүй. Монгол Улсын энхийг эрхэмлэх гадаад бодлого гэсэн тодорхойлолтод байнга төвийг сахих гэсэн нэр томъёо нэмэгдэнэ гэсэн үг. Бусад улс орон ямар нэг улсын гадаад бодлогын байр суурийг хүлээн зөвшөөрөхгүй байх вий гэсэн болгоомжлол улс хоорондын харилцаанд үндсэндээ байхгүй болжээ. Харин ч хүндэтгэн дэмжих байдал өнөөгийн олон улсын харилцаанд ажиглагдах болсон шинэ хандлага юм.

–          Төвийг сахих бодлого баримтлахын тулд Үндсэн хуульдаа заавал өөрчлөлт оруулах шаардлагатай юу?

–          Байнга төвийг сахих бодлогыг хэрэгжүүлэхийн тулд эрх зүйн үүднээс авч үзвэл Үндсэн хуулийн тодорхой зүйл ангид өөрчлөлт орох шаардлагатай болно. Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 1-д “Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна” гэж заасан. Энэ заалтад “Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээг баримталж, энхийг эрхэмлэх, байнга төвийг сахих бие даасан гадаад бодлого явуулна” гэсэн хэлбэрээр найруулан засах шаардлага гарна байх. Үүнийг дагаад мөн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал зэрэг гол чухал баримт бичгүүдэд холбогдох өөрчлөлт тусгагдах шаардлагатай болох юм.

–          Байнга төвийг сахих статустай бусад улс орнуудын жишээ, туршлагаас судлахад тэдний аюулгүй байдал, үндэсний хөгжилд ямар нөлөө үзүүлсэн байдаг вэ?

–          Одоогийн байдлаар 10 орчим улс байнга төвийг сахих статустай байна. Үүнд Австри, Ватикан, Ирланд, Коста-Рика, Лихтенштейн, Мальт, Туркменистан, Финланд, Швед, Швейцарь зэрэг улс хамаарагдаж байгаа юм.  Хамгийн анх 200 жилийн өмнө 1815 онд Швейцарь улс байнга төвийг сахих статустай болж тухайн үеийн холбогдох улс гүрнүүд энэхүү статусыг хүлээн зөвшөөрч байсан түүхтэй. Өөрөөр хэлбэл 200 жилийн турш Швейцарийн нутаг дэвсгэрт зэвсэгт мөргөлдөөн гараагүй гэсэн үг. Хэдийгээр Швейцарь Улс олон жилийн дараа НҮБ-д элссэн ч гэлээ аливаа асуудалд төвийг сахисан бодлогоо баримтална гэсэн хуулийн зохицуулалттай. Жишээ нь НАТО болон АНУ Серби, Иракт явуулсан үйл ажиллагаатайгаа холбогдуулан нутаг дэвсгэрээр нь дамжин цэргийн онгоцны нислэг үйлдэх хүсэлт тавихад Швейцарь татгалзсан байдаг. Харин бүтээн байгуулалтын асуудлаар  нислэгийн зөвшөөрөл хүсэхэд даруй хүлээн зөвшөөрсөн байх жишээтэй. Сүүлийн үед Туркменистан улсын байнга төвийг сахих статус хамгийн сонирхолтой жишээ болж байна. 1995 онд төвийг сахих статусаа Туркменистан Улс Үндсэн хуульдаа тусган тунхаглаж, НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолоор бусад орнуудаар хүлээн зөвшөөрүүлж чадсан юм.

–          Монгол Улсын Ерөнхийлөгч энэхүү санаачлагыг гаргасны дараа манай улс төвийг сахих статустай болсноор олон улсын хамтын ажиллагаанаас тусгаарлагдах юм биш биз гэсэн болгоомжлол олон нийтийн цахим сүлжээгээр гарч байсан?

–          Төвийг сахих статустай болсноор олон улсын хамтын ажиллагаанаас тусгаарлагдана гэсэн үг огт биш. Харин ч төвийг сахисан оронд бусад улс орон ихээхэн итгэл найдвар хүлээлгэж, ач холбогдол өгч хамтарч ажилладаг. Нэг талын үзэл баримтлалд хэтийдэж, нөгөө талыг хохироохгүй гэсэн утгатай учраас олон улсын банк, санхүүгийн байгууллагууд төвлөрөх, хөрөнгө оруулалт нэмэгдэх, хурал, чуулган, зөвлөгөөн зохион байгуулах гэх мэт давуу тал аяндаа үүсдэг. Энэ нь эдийн засгийн хамтын ажиллагаанд ч сайнаар нөлөөлөх боломжтой. Харин манай улсын аюулгүй байдалд илэрхий халдсан, заналхийлсэн нөхцөл байдал үүссэн тохиолдолд НҮБ-д хандах, тусламж дэмжлэг авах, өөрийгөө хамгаалах бүрэн эрх нээлттэй байх болно. Иймээс манай улсын өмнө нь баримталж байсан чиг шугам эрс өөрчлөгдөх зүйл огт байхгүй. Энгийн үгээр бол аль нэг улсын эсрэг хэн нэгний талд орохгүй гэсэн байр суурь хэмээн ойлгож болно.

–          Тэгвэл манайх шиг цөөн хүн амтай, өргөн уудам газар нутагтай улсын хувьд байнга төвийг сахих статус нь нэг төрлийн хамгаалалт, хаалт болно гэж ойлгож болох уу?

–          Монгол улс байнга төвийг сахих бодлого баримталснаар хөгжлийн шинэ гарц, аюулгүй байдлын бас нэгэн дархлаатай болно. Бие даасан гадаад бодлого явуулж байхад аль нэг улс бидэнд биелүүлэхэд бэрхшээлтэй, хэцүү хүсэлт тавилаа гэж бодоход ямар ч байсан зэргэлдээх орнуудынхаа эсрэг арга хэмжээ авахгүй байх хуулийн үндэстэй хаалт, хамгаалалт болж чадна гэсэн үг. Хоёр улсын хооронд мөргөлдөөн гарахад аль нэг улсын талд орж мэдэгдэл хийх шаардлагагүй болно. Гагцхүү төвийг сахисан статусыг хэрэгжүүлэхэд Монголчууд өөр хоорондоо ойлголцож, гадаад бодлогын залгамж шинж чанарыг ямагт эрхэмлэж, үзэл бодлоороо талцахгүй байж, нэгдмэл үйл ажиллагаа явуулах нь энэ бодлогын амжилтын үндэс байх болно гэж бодож байна.

–          Манай улсын түүхэнд төвийг сахих статустай болох тухай санал гарч байгаа тохиолдол анхных биш гэж ойлгож байна. Өмнө нь энэхүү статус биеллээ олж чадаагүйн учир шалтгааныг тайлбарлавал?

–          Төвийг сахих үзэл баримтлалыг одоо л зөвхөн ярьж, хөндөж байгаа юм биш. Ардын хувьсгалд нөлөөтэй оролцож явсан улс төрчид, тухайлбал эрдэмтэн Ж.Цэвээн “Манай улс гадаад харилцаандаа төвийг сахих бодлого баримтлах нь зүйтэй, үлгэрлэвээс Швейцарь лугаа адил байвал зүгээр” хэмээн хэлж байсан түүхтэй. Ардчилсан хувьсгалын эхэнд тэр үеийн залуус мөн энэ тухай ярьж, санал гаргаж байсан юм. Гэхдээ юм гэдэг цагтай, хугацаатай, ээлж дараатай байдаг учраас тухайн үеийн нийгэм үүнийг хүлээж авах боломж бүрдээгүй байсан байж болох юм. Харин одоо бол хамгийн цаг үеэ олсон бодлого гэж үзэж байна. Учир нь гэвэл олон улсын харилцаа дэлхий дахинд хийгээд манай бүс нутагт ихээхэн ээдрээтэйгээр өрнөж, улс гүрний харилцаанд тулгамдсан асуудлууд олширч, НҮБ-ын өмнө шинэ шинэ сорилт нүүрлэж, манай улсын геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдөж, эх орныхоо байгалийн баялгийг ашиглах эрмүүн хөгжлийн шинэ үе шат эхэлж байгаа зэрэг нөхцөл байдал Монгол Улс гадаад бодлогодоо алс хэтийн хараатай, гүн гүнзгий судалгаатай, урьдчилсан тооцоо баримжаатай, нягт няхуур хандах шаардлага зайлшгүй тулгарч байгаатай холбоотой юм.

–          Ярилцсанд баярлалаа.

–          Баярлалаа.

Ц.Ариунаа