БОЛОМЖ ДАГУУЛСАН АЙЛЧЛАЛ

2015.4.7saidchӨнгөрсөн долоо хоногт Бээжин хоёр жилийн өмнө дэвшүүлсэн санаачилгаа хэрэгжүүлж, Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банкыг 46 гишүүн орны хамтарсан хөрөнгө оруулалттайгаар байгуулснаа зарлан, магнай тэнийтэл баярлаж, Вашингтон барьц алдан сандарч ахуй цаг дор Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийлээ. Манай салбарынхан аливаа айлчлалыг амжилттай, амжилтгүй гэсэн категорын аль нэгт хамааруулдаг уламжлалаар дүгнэх аваас Гадаад хэргийн шинэ сайдын албан ёсны анхны айлчлалыг эхний ангилалд багтаан үнэлж болох байна. Мэдээж урьсан айлын эзэд сайхан зантай байх нь уриулсан зочинд бүр ч таатай сэтгэгдэл үлдээдэг жамтай. Үүнийг өгүүлэхийн тулд жаахан тайлбар, тодотгол зүүх нь зөв болов уу.

Тохиолдлын, тохиолдлын бус аль нь ч бай, манай улсын Гадаад хэргийн сайдын айлчлалын яг урд өдөр Бээжинд Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банкны ( AIIB ) гишүүн орнуудын уулзалт маш амжилттай болж өнгөрсөнд урд хөршийн эрх баригчид сэтгэл нэн хангалуун байгаа нь тэр өдрүүдийн телевиз, сонин хэвлэлүүдийн топ-мэдээ, тойм, нийтлэлүүдээс илт анзаарагдаж байсан юм.Хятад улс Азийн улс орнуудын авто зам болон бусад дэд бүтцийн барилгын ажлыг санхүүжүүлэх, эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулах үүднээс анх 2013 онд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах санаачилга гаргахад хамгийн түрүүнд дэмжин Монгол, Казахстан, Энэтхэг, Сингапур, Тайланд гээд 24 орон гишүүнээр нэгдэх хүсэлтээ илэрхийлж, 2014 онд санамж бичигт гарын үсэг зурж байлаа. Уг санамж бичигт Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны төв байрыг Бээжин хотноо байгуулахаар тохиролцсон бөгөөд 2015 оны эцсээр банк үйл ажиллагаагаа бүрэн явуулж эхлэхээр төлөвлөсөн билээ.

Хятад улс эхний ээлжинд банкны үндсэн нөөц болох 100 тэрбум ам.долларын 50 хувийг дангаараа гаргаж, үлдэх хувийг гишүүн орнууд Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэмжээгээр бүрдүүлэн эзэмших учиртай юм.

Эл банкинд үндэслэн байгуулагч гишүүнээр элсэх орнуудын өргөдлийг өнгөрсөн гуравдугаар сарын 31-ний өдрөөр эцэслэн хүлээж авахаа зарласан Хятад улс дэлхийн З0 гаруй улс гишүүн болох байх хэмээн урьдчилан таамаглаж байсан ч 46 орон тэр тусмаа Вашингтоны зүгээс ингэнэ чинээ төсөөлөө ч үгүй улс төр, эдийн засгийн бодлогын хувьд ямагт “хамаатан, садан ” нь байж ирсэн Их Британи, Канад, Австрали, Шинэ Зеланд, Швейцарь, Скандиновын орнууд өргөдлөө хамгийн түрүүнд өгч гишүүн болсон нь Хятадын хувьд яах аргагүй ялалт байлаа. Эдгээрийг дагаж Европын хамгийн том эдийн засаг болох Франц, Герман, Итали, Испани тэргүүтэй ихэнх улсууд болон ОХУ мөн АДБХОБ-нд гишүүнээр элссэн бөгөөд одоо зөвхөн АНУ, Япон хоёр л гадна үлдчихлээ гэсэн үг. Өнөөдөр олон улсын хамтын нийгэмлэгийн тавцан дээр АНУ, европчууд Дэлхийн банк, ОУВС-г, япончууд Азийн хөгжлийн банкийг тус тус атгадаг. Эдгээрийг сөрж Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк ийнхүү байгуулагдчихлаа. Ингэснээр 2013 онд мөн БНХАУ-ын санаачилсан “Торгоны зам-эдийн засгийн нэг бүслүүр ” хөтөлбөр бодитоор хэрэгжих боломжтой болж байгаа юм. Яг ийм таатай нөхцөл үүсээд байх үед манай Гадаад хэргийн сайд өмнөд хөршийндөө айлчлахдаа Монгол Улсын цаашдын хөгжилд найдвартай суурь, тулгуур болох амин чухал хэлэлцээнүүдийг хийгээд зогсохгүй, хэрэгжүүлэх зарчмын тохиролцоонд хүрч чадсан нь машид ач холбогдолтой хэрэг боллоо. Айлчлалын эхний өдөр хоёр улсын Гадаад хэргийн сайд албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын бүхий л салбарын хамтын ажиллагааны болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцсон билээ. Мөн Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчаод бараалхаж, Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргын хувиар тус комиссын Хятадын хэсгийн дарга, Худалдааны сайд Гао Хучэн-тэй уулзсан юм.

Гадаад хэргийн сайд Ван-И-тэй хийсэн хэлэлцээний үеэр Монгол, Хятадын харилцаа “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ”-ний үзэл санааны дагуу бүх салбарт өргөжин хөгжиж, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцол гүнзгийрч, харилцааны түвшин иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хөгжиж байгаад хоёр тал сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд, цаашид хоёр талын харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх сонирхлоо харилцан нотолж, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Түүнчлэн хоёр улсын хоорондын өндөр, дээд түвшний айлчлалын давтамжийг хадгалахын чухлыг тэмдэглээд, энэ онд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар ярилцаж, зарчмын тохиролцоонд хүрлээ. Уулзалт, хэлэлцээний үеэр талууд 2014 онд БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийсэн төрийн айлчлалаар хүрсэн олон тохиролцоог хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, ялангуяа дамжин өнгөрөх тээвэр, эрчим хүч, дэд бүтэц, санхүүгийн хамтын ажиллагаатай холбогдох асуудлуудыг ажил хэрэг болгох чиглэлээр идэвхтэй хамтарч ажиллахын төлөө байгаагаа нотоллоо. Мөн Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн механизмуудыг улам боловсронгуй болгож, хоёр улсын эдийн засгийн хөгжилд нэмэр болохуйц, ард иргэд үр дүнг нь мэдрэх томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн ач холбогдлыг үнэлэв.

Монгол Улс, БНХАУ, ОХУ гурван талт механизм хамтын ажиллагааны чухал чиглэл болж байгааг санал нэгтэй тэмдэглэв. Энэ хүрээнд Монголын “Талын зам” санаачилгыг Хятадын “Торгоны зам, эдийн засгийн бүслүүр” санаачилгатай уялдуулан хөгжүүлэх, Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридор байгуулах асуудлыг сайтар судалж ажиллахаар болсон нь Гадаад хэргийн сайдын айлчлалын гол үр дүн боллоо.

“ТАЛЫН ЗАМ” ТӨСӨЛ МӨРӨӨДӨЛ БУС БОДИТООР ХЭРЭГЖИХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ

Яг үнэндээ Хятадын “Торгоны зам-эдийн засгийн нэг бүслүүр”-тэй уяалдуулан гаргаж ирсэн манай “Талын зам” төсөл бол хоёр хөршөө холбосон авто зам, төмөр зам, эрчим хүч, байгалийн хий, газрын тосны транзит тээврийг хийе гэсэн л санаачилга юм. Шинэчлэлийн засгийн газрын үед Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр энэ төслийг хоёр хөрш зөвшөөрсөн, өнөө маргаашгүй хэрэгжиж эхлэнэ хэмээн барин тавин мэдэгдэж байсныг тод санаж байна. Гэтэл Ази, Европыг холбох “Торгоны зам” Монголыг зүүн, баруунаар тойрч гарахаар зураг, төлөвлөгөө хийгдсэн нь биднийг хүнд байдалд оруулсан. Тухайн үед улстөрчид бараг л өөрсдөө холбочих юм шиг худлаа ярьж байсан шүү дээ. Үүний шалтгааныг өгүүлэхээ больё. Харин одоо бол маш сайхан боломж нээгдчихлээ. Хятал улс, улс төр, эдийн засгийн асар ач холбогдолтой эл төслийнхөө хүрээнд ОХУ-Монгол-Хятад гэсэн эдийн засгийн коридор байгуулахаа албан ёсоор зарлаж, хөтөлбөртөө оруулан баталчихлаа. Хөтөлбөрөө хэрэгжүүлэх хөрөнгө, санхүүгээ ч Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулснаараа шийдвэрлэчихлээ. Одоо гагцхүү бидний зүгээс “Талын зам” гэсэн яриа төдий байгаа санаачилгаа бодитоор хөтөлбөр болгон шаргуу бөгөөд санаачилагатай ажиллах л үлдэж байна. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ айлчлалаараа “Талын зам” төслийг “Торгоны зам” буюу одооноос “Нэг зам- нэг бүслүүр ” хэмээн нэрлэж байгаа зөвхөн хуурай зам төдийгүй далайн замаар Ази, Европыг холбох аварга төсөлтэй уялдуулж чадлаа. Энэ төслийн хүрээнд манайд 997 км хурдны зам, тус бүр 1100 км эрчим хүчний шугам, байгалийн хий болон газрын тос дамжуулах хоолой барих дэд бүтцийн ажил хийгдэнэ. Төсөл хэрэгжсэнээр хөрөнгө оруулалт нэмэгдэж, орон даяар бүтээн байгуулалт өрнөж, эрчим хүч, уул уурхайн салбарын хөгжил шинэ түвшинд гарна. Эцсийн үр дүнд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний одоогийн хэмжээ эрс нэмэгдэнэ юм.

БИД ЮУ ХИЙХ ЁСТОЙ ВЭ

Айлчлалын явцад нэг анзаарагдсан зүйл бол үнэхээр бид хөгжихийг хүсч байгаа бол дотооддоо маш том өөрчлөлтийг хийх шаардлагатай болжээ. Бүр нэн даруй. Энэ нь төр, засгийн цэгцтэй, ухаалаг, тооцоотой бодлоготой байхаас шууд шалтгаалах юм. Тэр тусмаа төрийн бодлогын залгамж чанарын талаар онцгой анхаарахгүй бол одоогийнх шиг хэн дуртай, хүсэлтэй нэгний зоргоор шийдвэр гаргаж байгаа шигээ явах аваас бидэнд олдсон бүх боломж хий мөрөөдөл болон замхарна. Монгол хүн бүр л бараг өөрийгөө ерөнхийлөгч, ерөнхий сайд, улстөрч, дипломатч, эдийн засагч, уурхайчин, төмөр замчин гээд хийж чадахгүй ажилгүй, универсал амьтан мэт төсөөлдөг болчихсон эмгэгээ хамгийн түрүүнд эмнэх хэрэгтэй болжээ. Монгол Улсыг мөхөөх аюул гадна бус өөрсдөд маань, бүхнийг чадагч, бүхнээс өөрсдийгөө илүү ухаантай хэмээн итгээд дүрдээ орчихсон солиоролд байгааг ухаарах хэрэгтэй байна. Аж үйлдвэрийн цогцолбор, хойд, урд хилийн чөлөөт худалдааны бүс гээд хорин жил хий ярьж, хэдэн төмөр хашаа хатгаснаас цаашгүй байгаа маань, Тавантолгой, Оюутолгой гээд огт урагшладаггүй таг зогсчихоод байгаа төслүүдэд гадны гэхээсээ бидний энэ ужиг эмгэг таг зуурсан тээг болчихоод байгаа юм. Монгол Улс гадаад бодлогынхоо хувьд маш сайн концевцитэй хэдий ч хэрэгжүүлэхдээ тун ч маруухан байж ирсэн. Энэ нь тухайн салбарыг мэрэгжлийн бус хүмүүс толгойлж ирсэнтэй шууд холбон ойлгож болно. Одоо харин энэ бүхнийг засах, зөв гольдролд нь оруулах цаг болж. Эс бөгөөс оройтно. Тэр тусмаа гадаад харилцааны салбарт “Нэг цонхны” бодлого хэрэгжих ёстой, хэрэгжүүлэх ч болно гэсэн Л.Пүрэвсүрэн сайдын байр суурьтай санал нэг байна.

Бид дотооддоо учраа олохгүй, яам болгон л гадаад харилцаа, эдийн засгийн асуудалд хошуу дүрдэгээсээ болж гадаад ертөнцөд итгэл үнэмшилээ алдаж, өчнөөн онигоотой байдалд орж байсан жишээ олон байдаг шүү дээ. Ийм байдлаасаа болоод бид аль дөрвөн жилийн өмнө Хятадын Засгийн газрын амласан таван зуун сая юанийн хөнгөлөлттэй зээлийг одоо болтол авч чадахгүй сууж байгаа гээд бодоод үз. Ямар ч байсан Монголын эдийн засагт маш том боломж бий болсныг алдахгүй байх хэрэгтэй. Үүний тулд хийх, биднээс шалтгаалах зүйл их байна. Адаглаад төмөр замаа хэрүүл уруулгүй гялс тавиад авмаар байна шүү дээ. Гадаад хэргийн сайдын айлчлалаар мөн хоёр улсын хооронд чөлөөт худалдааны бүсийг хөгжүүлэх талаар хөндсөн асуудлыг ажил хэрэг болгоход яаравчлах хэрэгтэй юм. Урд хөршийн хувьд эдийн засгийн чөлөөт худалдааны бүс байгуулах дэд бүтцийн бүх асуудлаа шийдчихсэн зөвхөн биднийг хүлээж байна. Бидэнд хилийн боомт, ачаа тээвэр нэвтрүүлэх хүчин чадлаа нэмж өргөтгөхөөс эхлээд ажил мөн ч их байна даа.

Үргэлжлэл бий..