ТОХИРОЛЦОО ЭСВЭЛ ХОРИГ

Гадаад хэргийн яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Г.Ганболд

Өнөөдөр сонин /12 дугаар сарын 5/

Нэг. Лалын Бүгд Найрамдах Иран Улс хүнд усны реактор ажиллуулан уран баяжуулж  эхлэснийг тус улсын улс төрийн сөрөг хүчнийхэн 2002 онд мэдээлснээр Ираны цөмийн  хөтөлбөрийн асуудал  яригдаж эхэлсэн билээ.

Ираны тал цөмийн эрчим хүчийг энхийн зорилгод ашиглана хэмээн мэдэгдсэн боловч Олон улсын атомын эрчим хүчний агентлаг (ОУАЭА)-ийн шинжээчдийг цөмийн байгууламжууддаа оруулахаас татгалзан, бусад улсыг өдөөн хатгаж ам хэлээр дайрч давшилсан нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг Ираны цөмийн хөтөлбөрт анхаарал хандуулахад хүргэсэн. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 2006 онд 1696, 1737; 2007 онд 1747; 2008 онд 1803, 1835; 2010 онд 1929 зэрэг тогтоолыг баталж, тус улсын эсрэг хориг тогтоосон. АНУ, Европын холбооны орнууд 2012 оноос эхлэн газрын тос, банк, санхүүгийн салбарт мөн хориг тавьсан нь газрын тосны олборлолтоос ихэд хамааралтай Ираны эдийн засагт болон нийгмийн амьдралд хүчтэй цохилт болсон юм.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Байнгын гишүүд болон ХБНГУ буюу P5+1, Иран улсын төлөөлөгчидтэй 2013 оны 11 дүгээр сард Женев хотноо уулзаж, энэхүү цөмийн хөтөлбөрийн асуудлаар зургаан сарын хугацаанд хэрэгжих “Үйл ажиллагааны төлөвлөгөө”-г тохирсон.
Ираны эрх баригчид хэчнээн хэмжээний ураныг ямар агууламжтай болгож баяжуулах, уран баяжуулах хүчин чадлыг ямар хэмжээнд хүргэх зэрэг асуудлыг нарийвчлан хэлэлцэхэд чиглэсэн уг тохиролцоо хэрэгжвэл Ираны эсрэг хоригийг үе шаттайгаар сулруулж улмаар бүрэн цуцлах, харин тохирсоноос ухарвал хоригийг чангатгахад дээрх төлөвлөгөө чиглэсэн болно.

Иранд 2013 оны 7 дугаар сард явагдсан Ерөнхийлөгчийн сонгуулиар харьцангуй аядуу байр суурь баримтлагч гэгддэг Хассан Роухани ялалт байгуулснаар Иран болон P5+1-ын хооронд  яриа хэлэлцээг эхлүүлэхэд нааштай нөлөө үзүүлсэн.

Иран Улс эрүүл мэнд, боловсрол, аж ахуйн зэрэг энхийн зориулалтаар цөмийн эрчим хүч ашиглах эрхтэйг Р5+1 зөвшөөрдөг боловч тус улс цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй гэдэг амлалтаа хэрэгжүүлнэ гэж итгэвэл, ираны тал нь цөмийн хөтөлбөрийг зогсоосны эцэст өрнөдийнхөн тус улсын эсрэг хоригийг сулруулж  улмаар  бүрэн цуцална гэж итгэвэл тэдний хооронд олон жил үргэлжилж буй үл итгэлцэл арилж, амлалт хэрэгжихийн хэрээр  хоригийг хагас жил тутам  сулруулах замаар  нь  бүрэн цуцлахын  аль зохистойг  хэлэлцэн тогтох учиртай.

Талуудын мэдэгдэж байгаагаас үзэхэд ираны тал 5 хувиас дээш ураны баяжмал баяжуулахыг зогсоох, Натанз дахь баяжуулах үйлдвэр, Фордоу болон Арак-ийн хүнд усны реактор зэрэгт цацрагаас хамгаалах байгууламжийн ажиллагааг зогсоох, уран баяжуулдаг центрфуг болон бусад тоног, төхөөрөмжийг нэмж үл суурилуулах, одоо байгаа 10  мянган центрфугийг 2 мянга болтол цөөрүүлэх, баяжуулсан ураны нөөцийг үл нэмэгдүүлэх, цөмийн байгууламждаа ОУАЭА-ийн байнгын шалгалт, ажиглалт хийлгэх, центрифуг, түүнийг угсрах, хадгалах талбайд шинжээчдийг нэвтрүүлж, Агентлагийн Аюулгүйн баталгааны холбогдох заалтын дагуу мэдээллээ танилцуулах, баримт цуглуулах боломжийг бүрдүүлэх үүрэг хүлээх шаардлагатай.

Ираны тал  эдгээр үүргийг биелүүлэх  амлалт өгч, амлалтаа хэрэгжүүлсний хариуд  Р5+1 нь Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар нэмж ямар нэгэн хориг тавихгүй, гадаадын банкуудад царцаасан тус улсын хөрөнгөнөөс сар тутам 700 сая ам долларыг хилийн чанадад суралцдаг иран оюутнуудын сургалтын төлбөрийг гуйвуулах, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, эм, эмчилгээний хэрэгсэл худалдан авах зэрэг хүмүүнлэгийн  зориулалтаар ашиглах боломжийг олгох юм.  Ираны цөмийн байгууламжуудад хяналт тавих хамтарсан комиссыг байгуулан цөмийн хөтөлбөртэй холбогдсон шалгалт, ажиглалтыг  дурдсан яриа хэлэлцээнд оролцохгүй байгаа ОУАЭА гардан хэрэгжүүлэхээс гадна НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс Ираны цөмийн асуудлаар баталсан тогтоолуудыг хэрэгжилтэд хяналт тавьж, явц байдлыг  илтгэх үүрэг хүлээх болно.

Ираны тал амлалтаа биелүүлэхгүй тохиолдолд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл, АНУ, Европын Холбоо хоригийг үргэлжлүүлэхээс гадна агаарын болон усан замын тээвэр, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах, техникийн засвар үйлчилгээг авах боломж хаагдаж, банк санхүү, даатгал, гадаад худалдааны салбарт болон тодорхой байгууллага, хүмүүст нэмэлт хориг үйлчлэх болно.

Ираны хувьд Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд оролцож байгаа төдийгүй цөмийн хөтөлбөрийн асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцээний ширээнд суусан нь  эерэг хандлага гэж үнэлэгдэж байна.

Хэдий ийм боловч бүтэн нэг жил үргэлжилсэн яриа хэлэлцээ тодорхой үр дүнд хүрсэнгүй. Австри Улсын нийслэл Вена хотноо хэлэлцээнд оролцогч талуудын Гадаад хэргийн сайд нар өнгөрөгч 11 дүгээр сарын 24-нд яриа хэлэлцээг чинагш үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэнээ мэдэгдлээ.

Венад хэлэлцээний ширээний ард ярьж тохирсон ч зүйл тэдгээр улсын нийслэлд болон бусад хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн тохиолдолд хэрэгжих ёстой. Ираны 200 гаруй хууль тогтоогч 11 дүгээр сарын эхээр хэлэлцээнд оролцсон төлөөлөгчиддөө хандан цөмийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх улс орныхоо эрхийг тууштай хамгаалах, хоригийг бүрэн цуцлахыг уриалсан бол АНУ-ын нөлөө бүхий улс төрчид хэлэлцээ сунжирбал хоригийг чангатгах, эцсийн тохиролцоог Конгрессоор батлуулахыг шаардаж, “муу” тохиролцоо байгуулагдвал Ойрхи Дорнодыг цөмийн зэвсэгээр хөөцөлдөхөд хүргэнэ хэмээн анхааруулсан. Израйлийн зүгээс ч муу тохиролцоо байгуулсанаас огт тохиролцохгүй нь дээр гэх зэргээр мэдэгдэж байна.

Гэвч яриа хэлэлцээг үргэлжлүүлж Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох боломж багассан бус харин өргөжсөн өнөө үед түүнийг тасалдуулбал тэнэглэл болно. Нэмж хориг тавьсанаар сайн үр дүнд хүргэхгүй гэж хэлэлцээнд оролцогчид  үзэж байгаа юм байна.Â

Нэг бус удаа хугацаа сунгаж арав гаруй жил үргэлжилж байгаа энэхүү яриа хэлэлцээ нь ираны тал цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж буй гэгдсэн хаалттай байгууламжуудыг ОУАЭА-ийн үзлэг шалгалтад хамруулах, хоригийг хэрхэн сулруулах талаар  2015 оны 3 дугаар сарын 1 –нээс өмнө,  уг хэлэлцээрийн хамрах хүрээ буюу хавсралтыг мөн оны 7 дугаар сараас өмнө эцэслэн тохирохоор ойрын өдрүүдэд дахин үргэлжлэх боллоо. Одоогийн байдлаар чухам хаана гэдэг нь тодорхойгүй боловч албаны хүмүүс болон мэргэжилтний түвшинд үргэлжлэх эл яриа хэлэлцээний эцсийн дүнгээс хамаарч Ираны цөмийн хөтөлбөрийн  асуудлаар тохиролцох эсвэл хориг үргэлжлэх нь ойрын зургаан сард тодрох бололтой.

Хоёр. ОУАЭА-ийн Захирагчдын зөвлөл 2010 оны эцэст ураны бага агууламжтай баяжмалын нөөц бүрдүүлж Сан байгуулахыг тус Агентлагийн Ерөнхий захиралд зөвшөөрсөн билээ. ОУАЭА-ийн  удирдлага хийгээд  хяналтын дор ажиллах бөгөөд цөмийн эрчим хүч ашигладаг боловч уран баяжуулах дэд бүтэц, технологи, эх үүсвэргүй, Агентлагийн гишүүн орнуудыг цөмийн түлшээр байнга найдвартай хангахад чиглэсэн тэрхүү ураны нөөцийн Санг Казахстан Улс өөрийн нутагт байршуулах сонирхлоо илэрхийлсэн.
ОУАЭА болон Казахстаны хооронд олон удаа хэлэлцээ хийгдсэний дүнд Усть Каменогорск дахь Ульбын төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн Санг байгуулахаар яригдаж байгаа аж.

Санг байгуулахад хандивлагчид 125 сая ам.доллар, 25 сая евро амласны дотор хувь хүмүүс, улс орнууд хөрөнгө оруулж байгаа бөгөөд Сангийн үйл ажиллагаанд, тухайлбал 1,000 мегаваттын хүчин чадалтай хөнгөн усан реакторыг 2-3 удаа цэнэглэх хэмжээний ураны бага агууламжтай баяжмалыг зах зээлийн ханшаар худалдан авч нөөц бүрдүүлэхэд уг санхүүжилтийг зарцуулах аж. Нөөц сангаас цөмийн хөдөлгүүрийн түлш авах улс уран баяжуулах, эсвэл ашигласан цөмийн шаарыг дахин боловсруулахаас татгалзахаас гадна Агентлагийн баталгаа, хяналтын дэглэмийг хүлээн зөвшөөрч, шалгуурыг хангасан байх юм байна.

Бага агууламжтай баяжуулсан ураны нөөц Сан байгуулах хүрээнд ОУАЭА Казахстан улстай болон дамжин өнгөрөх бусад улстай байгуулах гэрээ хэлэлцээрийн нөхцлийг харилцан тохирсны эцэст Агентлагийн Захирагчдын зөвлөлд танилцуулж, зөвшөөрөл авна. Хүлээн авагч Казахстан Улстай хэлэлцээрийн төслийг ерөнхийдөө эцэслэх шатанд байгаа бөгөөд энэ хэлэлцээрийн ерөнхий нөхцөлүүд нь тухайн үед ОУАЭА-ийн төвийг Вена хотноо мөн Агентлагийн харьяа Сайберсдорф дахь Цөмийн технологийн лаборатори байгуулахтай холбогдуулан Австрийн Засгийн газартай байгуулсан хэлэлцээртэй төстэй бөгөөд техникийн үзүүлэлтийн хэлэлцээрийн хүрээнд тухайн Санг байршуулах талбайн хэмжээ, хэмжил зүй, байршлын онцлог, түлш агуулах цилиндр, Сангийн үзүүлэх үйлчилгээ зэргийг тохирох юм байна.

Ураны нөөц Сан байгуулахад тооцоо судалгаа, яриа хэлэлцээ, холбогдох зөвшөөрлийг авах, нөөц бүрдүүлэх гэхчлэн багагүй ажлууд хийгдэх боловч уг Сан бүрдсэнээр цөмийн ослоос сэргийлэх, цөмийн аюулгүй байдал, хамгаалалтыг бэхжүүлэхэд томхон ахиц гарна гэж мэргэжилтнүүд үзэж байна.  Казахстан улстай ойр дот оршдог Монгол Улсын хувьд цөмийн аюулгүй байдал, хамгаалалтын орчныг боловсронгуй болгож, “Цөмийн аюулгүй байдлын тухай конвенци”, “Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцид 2005 онд оруулсан нэмэлт”, “Ашигласан түлш болон цацраг идэвхит хаягдлын менежментийн аюулгүй байдлын нэгдсэн конвенци”, “Бага хэмжээний протоколын нэмэлт” зэрэг олон улсын гэрээ хэлэлцээрт нэгдэн орох асуудлыг эцэслэн шийдвэрлэх зорилт тулгарч байна.