МАНАЙ УЛС СТАТУСАА ҮНДЭСНИЙ, ОЛОН УЛСЫН БОЛОН БҮСИЙН ТҮВШИНД УРАГШЛУУЛАХ БОДЛОГО БАРИМТАЛЖ БАЙНА

Монгол Улсын статусын асуудлаар Ерөнхий Ассамблейн тогтоол батлагдсантай холбогдуулж Монгол Улсын Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Ж.Энхсайханы 12 дугаар сарын 5-ны “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлага

НҮБ-ын Ерөнхий Ассамблей Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын асуудлаар тогтоол батлан гаргасан байна. Энэ тогтоолын агуулга, ач холбогдлын талаар манай уншигчдад тайлбарлаж өгнө үү.

Ерөнхий Ассамблей 1998 оноос хойш жил алгасан Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид статусын асуудал, түүнийг олон улсын хэмжээнд урагшлуулах талаар хийж байгаа ажил, гарч байгаа ахицын талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын илтгэлийг хэлэлцэж, түүнийхээ үндсэн дээр тогтоол баталдаг. ЕНБД-ын энэ жилийн илтгэлийн талаар хэвлэлд мэдээ гарсан учраас энд давтаж ярих хэрэггүй юм. Энэ жил Ерөнхий Ассамблей уг асуудлаар 9 дэх тогтоолоо санал хураалгалгүй баталлаа. Тогтоолыг санал хураалгалгүй батлана гэдэг бол энэ асуудлаар гишүүн орнууд санал нэгтэй байдгийн илэрхийлэл байдаг.

Ерөнхий Ассамблей нэг асуудлаар ийм их тогтоол байн байн гаргадаг нь ямар учиртай байдаг юм бэ?

Нарийн учиртай. Тогтоол бүрийг ЕНБД-аас гаргасан илтгэл, мөн асуудлыг хэлэлцсэн байдлыг тогтоолд зохих ёсоор тусгаж баталдаг. Тухайлбал саяхан батлагдсан тогтоолд манай улсаас авсан арга хэмжээ, НҮБ-ын байгууллагуудаас манай статусыг бэхжүүлэх талаар хийж ирсэн ажлыг сайшаан дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын гадаад аюулгүй байдал болон манай статусыг цаашид бэхжүүлэх талаар хамтарч ажиллахыг гишүүн орнууд болон НҮБ-д уриалж, хийсэн ажлын талаар 2016 онд Ерөнхий Ассамблейд илтгэхийг ЕНБД-аас хүссэн.

Манай улс энэ асуудлыг Ерөнхий Ассамблейгээр үе үе хэлэлцүүлж байдаг нь үндсэн хоёр зорилготой юм. Нэгдүгээрт, статусаа олон улсын хэмжээнд зохих ёсоор баталгаажуулах. Хоёрдугаарт, манай гадаад аюулгүй байдлын холбогдолтой асуудлыг НҮБ-ын анхааралд ямагт байлгаж байх. Энэ асуудал НҮБ-ын Ерөнхий Ассамблейн анхааралд байнга байж, түүнийг хоёр жил тутам хэлэлцэж тогтоол шийдвэр гаргаж байх нь манай ашиг сонирхолд нийцэж байгаа юм.  Тиймээс ч манай улс статусаа бүрэн баталгаажуултал асуудлыг Ерөнхий Ассамблейн хараа хяналтаас гаргахгүй байх бодлогыг баримталж байгаа. Мөн зохих ёсоор баталгаажуулсны дараа ч статусын хэрэгжилтийг үе үе хэлэлцүүлж байх механизмыг аяндаа бий болж байгаа.

Монгол Улсын гадаад аюулгүй байдлыг бэхжүүлэх гэж чухам юуг хэлж байгаа юм бэ?  
Манай улс статусын талаар цөмийн зэвсэгтэй таван гүрэнтэй яриа хэлэлцээ хийж эхэлж байхдаа цөмийн зэвсгээс ангид нэг улсын статусыг бүх талаар бэхжүүлэхийн тулд түүний гадаад аюулгүй байдлыг бүхэлд нь бэхжүүлэх хэрэгтэй юм гэж хэлж зөвшөөрүүлсэн. Тиймээс ч Ерөнхий Ассамблейн тогтоолд Монгол Улсын гадаад аюулгүй байдал нь “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдал, бие даасан гадаад бодлого, эдийн засгийн аюулгүй байдал, экологийн тэнцвэрт байдал” юм гэж тодорхойлсон байдаг. Тиймээс тэдгээрийг батжуулан бэхжүүлэх талаар Монгол Улстай хамтарч ажиллахыг Ерөнхий Ассамблей НҮБ-ын бүх гишүүн орнуудад уриалдаг.

Манай гадаад аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар НҮБ чухам юу хийсэн бэ ?
НҮБ 2000-аад оны эхээр манай эдийн засгийн аюулгүй байдал, экологийн тэнцвэрт байдлын талаар тусгайлан судалгаа хийж Засгийн газарт хүргүүлсэн байдаг. Мөн манай улстай тохирсон ёсоор энэ асуудлаар хэд хэдэн удаа хурал зөвлөгөөн зохион байгуулсан. НҮБ-ын ЕНБД энэ талаар хийсэн ажлаа гишүүн орнуудад тогтмол тайлагнадаг. Сүүлийн 2 жилийн хугацаанд хийсэн ажлын тухай гэвэл ЕНБД-ын 15 хуудас бүхий илтгэлд тодорхой заасан байгаа. Тогтоолд гишүүн орнууд болон НҮБ байгууллагуудад хандаж дээр дурдсан бүх чиглэлээр Монголтой хамтарч ажиллахыг уриалсан заалт орсон учраас манай тал тэрхүү заалтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар бусадтай зөвлөлдөж тодорхой ажил зохиох хэрэгтэй юм.

Цөмийн зэвсэгтэй таван гүрэн 2012 онд манай статусыг хүндэтгэж, түүнийг зөрчих аливаа үйлдэлд оролцохгүй байхаа зарлан тунхагласан. Үүний цаад утгыг тайлбарлаж өгнө үү.  

Цөмийн зэвсэгтэй таван гүрнээс аюулгүй байдлын баталгаа авснаараа манай улс цөмийн зэвсэггүй бусад улсаас зарчмын ялгаатай болсон юм. Иймд манай хэвлэлд “Монгол Улс цөмийн зэвсэггүй орон гэдгийг НҮБ баталгаажууллаа”  гэсэн гарчигтай мэдээ гарсан нь олон нийтийн дунд мэл гайхал төрүүлж байсан талтай.

Монгол Улсад баталгаа олгох асуудлаар манай тал цөмийн зэвсэгтэй таван гүрэнтэй сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд давхардсан тоогоор 80 гаруй удаа уулзаж ярилцаж ирсэн байдаг. Тэд эхэн үедээ Монгол Улсыг онцгойлж үзэх үндэс алга гэж байсан бол дараа нь Монголыг байнгын төвийг сахисан улсаар зарлая, танай улсын хил орчмыг сайн хөршийн харилцааны бүс болгож зарлая гэсэн зэрэг санал тавьж угтаа аюулгүй байдлын баталгаа олгохоос зайлсхийж байсан. Нэлээд ярилцсаны дүнд тэд цөмийн зэвсэг хэрэглэхгүй, тийм зэвсгээр сүрдүүлэхгүй гэсэн цөмийн зэвсэггүй бүсүүдэд олгдог баталгаагаа улс төрийн хамтарсан мэдэгдэл хэлбэрээр манайд олгож, түүнийгээ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн болон Аюулгүйн Зөвлөлийн баримт бичиг болгон тараасан. Манай улс түүнийг нь хүйтэн дайны үнэр ханхалсан, манай бодит нөхцөл байдалд тохироогүй гэж үзэж улмаар яриа хэлэлцээг үргэлжлүүлсэн. Манай гол зорилго бол ямар ч баталгаа байсан тэр нь эрх зүйн үндэстэй байх учиртай, мөн тэрхүү баталгаа нь цаашид манайд тохиолдож болох эрсдэл, аюулаас хамгаалсан байх учиртай гэж ойлгуулж байсан.

Тэд манайд эрх зүйн үндэстэй баталгаа гаргаж өгсөн үү?

Тийм баталгаа гараж өгөөгүй. Тэдний бодлоор нэг улсад эрх зүйн үндэстэй баталгаа олгох нь эвгүй прецедент үүсгэнэ (эвгүй жишиг тогтооно), өөрөөр хэлбэл хэрэв Монголд тийм баталгаа олговол зарим бусад улс, түүний дотор цэргийн эвслийн зарим улс орон ч нутагтаа цөмийн зэвсэг байрлуулахгүй гэсэн мэдэгдэл гаргаж цөмийн зэвсэгтэй орнуудаас эрх зүйн үндэстэй баталгаа гаргаж авахыг оролдоно гэж тайлбарлаж эрх зүйн үндэстэй  баталгаа гаргах боломжгүй гэсээр байгаа. Тэр нь ч үнэний талтай юм. Монголын туршлагыг одоогоор цэргийн эвсэлд ордоггүй 3-4 улс сонирхож байгаа гэж манай туршлагыг өнгөрсөн 10 сард Женевт хэлэлцэх үеэр зохион байгуулагчид нь албан бусаар манай талд мэдэгдсэн.

Цөмийн зэвсэгтэй таван гүрнээс 2012 онд манайд олгосон улс төрийн баталгаа нь хир ач холбогдолтой вэ?

Ирээдүйгээ бодвол чухал ач холбогдолтой. Өнөөдрийн байдлаар цөмийн хамгийн их зэвсэгтэй АНУ, ОХУ хоёр хэдийгээр зэвсгийнхээ тоог тодорхой хэмжээгээр хорогдуулсан боловч цаашид бараг хорогдуулахгүй болов уу. Тэд үлдсэн 13 орчим мянган зэвсгээ чанарын хувьд улам боловсронгуй болгож байна. Дууны хурднаас хэд дахин түргэн онгцны зэрэгцээ одоо тийи баллистик пуужин хийхийг оролдож бйана. Радарт баригддаггүй цөмийн зэвсэг тээгч хэрэгсэлд анхаарлаа хандуулж байна. Мөн цөмийн зэвсэгтэй бусад улс ч зэвсгийнхээ тоо, чанарыг ахиулсаар байна. XXI зууны цөмийн дайны онолд цаг хугацаа, орон зай маш чухал хүчин зүйл болж байна. Тиймээс цөмийн зэвсэгтэй гүрнүүд цөмийн зэвсэг, түүнийхээ эд ангийг хаана байрлуулахад анхаарч, цөмийн зэвсэг бүхий пуужингийн довтолгооноос хамгаалах “илд” байгуулах нэрээр стратегийн давуу тал олж авах үүднээс бусадын нутаг дэвсгэрийг ямар нэгэн аргаар ашиглах бодлого явуулж байгаа нь Европын болон Зүүн-Хойд Азийн зарим орны жишээнээс бэлхнээ харж болно. Хэрэв АНУ болон түүний холбоотнууд тийм “илд” байгуулж чадвал тэр нь стратегийн тогвортой байдлыг эвдэнэ. Мэдээж манай хоёр хөрш зүгээр суухгүй нь тодорхой юм.

Манай улс цөмийн зэвсэгтэй аливаа гүрний “түшиц” газар нь болохгуйн тулд цөмийн зэвсэгтэй таван гүрнээс “статусыг хүндэтгэж, түүнийг зөрчихөд дөхөм үзүүлэх аливаа үйлдлийг хийхгүй” гэсэн амлалтыг гаргуулж авсан. Одоо бид тэдний тэрхүү амлалтыг Ерөнхий Ассамблейн тогтоолд ямар нэгэн хэлбэрээр тусгах талаар ажиллаж байна. Цөмийн зэвсэгтэй гүрнүүд тийм амлалтыг манай талд нэгэнт гаргаж өгсөн гээд цаашид түүнийг Ерөнхий Ассамблейн хэмжээнд хүртэл ахиулж баталгаажуулах шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаа учраас энэ удаагийн тогтоолд энэ талаар тийм заалтыг бид оруулж чадаагүй. Цөмийн зэвсэгтэй гүрнүүдтэй энэ асуудлаар ярилцахад дурамжхан байгаа боловч уг асуудлаар үргэлжлүүлэн ярилцахаар болсон. Гэхдээ манай бодлого зөвхөн тэдэнтэй хамтарч ажиллахаар хязгаадлагдахгүй байгаа.

Тэгвэл өөр ямар улсуудтай хамтарч ажиллаж байгаа вэ?  

Монгол Улс статусаа гурван түвшинд, өөрөөр хэлбэл үндэсний, олон улсын болон бүсийн түвшинд  урагшлуулах бодлого баримталж байгаа. Үндэсний хэмжээнд гэвэл 2000 онд УИХ-аас цөмийн зэвсгээс ангид статусыг тодорхойлсон хууль тогтоомж гараж хэрэгжүүлж байгаа. Хэрэгжилтийг нь 2006, 2014 онд тус тус хэлэлцэж зөвлөмж гаргасан байгаа. Олон улсын хэмжээнд 1997 оноос НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хэмжээнд хэлэлцүүлж тогтоол шийдвэр гаргуулж ирсэн. Түүний нэг жишээ бол саявтар батлагдсан тогтоол юм.

Гүрав дахь түвшин бол бүсийнх юм. Хэдийгээр аюулгүй байдлын холбогдолтой асуудлуудыг НҮБ-ын хэмжээнд хэлэлцдэг боловч аюулгүй байдлыг бодитоор хангахад бүс нутгийн хамтын ажиллагаа анхдагч үүрэг гүйцэтгэдэг. Өнөөг хүртэл байгуулагдаад  байгаа цөмийн зэвсэггүй 5 бүс тухайн бүс нутгийнхаа хэмжээнд хэрэгжиж биеллээ олж, тэр тухайгаа НҮБ-ын  Ерөнхий Ассмблейд илтгэдэг. Тиймээс манай улс ч асуудлаа бүсийн хэмжээнд, өөрөөр хэлбэл Зүүн Азийн хэмжээнд тавьж статусаа тэр бүсийн тогтвортой, аюулгүй байдалтай холбож түүний нэг чухал хүчин зүйл нь болгох хэрэгтэй юм. Тиймээс ч асуудлыг 7 сард АСЕАН-ын бүсийн форумд тавьж энэ талаар 2015 онд Улаанбаатарт бүсийн хэмжээний зөвлөлдөх уулзалт зохион байгуулахаар Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам ажиллаж байгаа.