ХАРИУЦЛАГА БОЛ БИДНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЦӨМ

9 дүгээр сарын 27-ны өдөр “Тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн үр дүнтэй, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэх нь” сэдэвчилсэн хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, үг хэлэв.  Энэхүү сэдэвчилсэн хэлэлцүүлэг нь Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг батлах Дээд хэмжээний уулзалтын хүрээнд зохион байгуулагдаж буй зургаан сэдэвчилсэн уулзалтын нэг юм.

Дугуй ширээний уулзалтыг БНСУ-ын Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэ, Бүгд Найрамдах Чили Улсын Ерөнхийлөгч хатагтай Мишель Бачелет Хериа нар хамтран даргалав.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ хурлыг даргалагч хоёр эмэгтэй Ерөнхийлөгчээр жишээ татаж, “Бидэнд илүү олон эмэгтэй удирдагч, илүү олон эмэгтэй Ерөнхийлөгч байвал бид илүү үр дүнтэй, олныг хамарсан, хариуцлагатай тогтолцоотой болно” гэдгийг онцлон тэмдэглэв.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “Өнөөдөр бидэнд хариуцлага шаардлагатай . . . Хариуцлага бол бидний үйл ажиллагааны цөм нь байна” хэмээгээд хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх Мянганы хөгжлийн 9 дэх зорилтыг санаачлан батлуулсан Монгол Улсын туршлагаас хуваалцав.