ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН НҮБ-ЫН КОНВЕНЦИЙГ СОЁРХОН БАТАЛСАН ТУХАЙ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БАТЛАМЖ ЖУУХ БИЧГИЙГ НҮБ-ЫН ГЭРЭЭ ЭРХ ЗҮЙН АЛБАНД ГАРДУУЛАВ

Монгол Улсын Их Хурлаас “Хүүхдийн эрхийн тухай конвенцийн мэдээлэл хүргүүлэх журмын тухай нэмэлт протокол”, “Мөнгөн усны тухай Минаматагийн конвенц”-ийг тус тус соёрхон баталж, хууль гаргасан билээ. Конвенцийн дагуу соёрхон баталсан улсын Батламж жуух бичгийг НҮБ-д хүргүүлэх ёстой бөгөөд ийнхүү Батламж жуух бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дараа конвенци хүчин төгөлдөр үйлчилдэг.

2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Хүүхдийн эрхийн тухай конвенцийн мэдээлэл хүргүүлэх журмын тухай нэмэлт протокол” болон “Мөнгөн усны тухай Минаматагийн конвенц”-ийг соёрхон баталсан тухай Ерөнхийлөгчийн Батламж жуух бичгийг НҮБ-ын Хууль эрх зүйн албанд гардуулж өгөв.

Тус арга хэмжээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд, НҮБ-ын Хууль эрх зүйн асуудал эрхэлсэн орлогч, Ерөнхий  нарийн бичгийн дарга Мигел де Сэрпа Соарес, НҮБ-ын Гэрээ эрх зүйн албаны дарга Сантьяго Вилалпандо нар оролцов.