ДӨРӨВ.ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТОГТОЛЦОО

Хурдтай хувиран өөрчлөгдөж байгаа аюулгүй байдлын орчинд үндэсний ашиг сонирхлоо тууштай хамгаалах, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататгахын тулд үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоог боловсронгуй болгож хөгжүүлэх шаардлага тулгарч байна.

4.1.Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоог боловсронгуй болгох зорилт

4.1.1.Төрийн бүх шатны үйл ажиллагаанд үндэсний ашиг сонирхлыг дээдэлж, төрийн анхдагч үүрэг болсон үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүргийг чухалчилна.
4.1.2.Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоог нэгдмэл, үр нөлөөтэй,  боловсронгуй болгох чиглэлд шаардлагатай эрх зүй, удирдлага, зохион байгуулалтын шинэчлэл хийнэ.
4.1.3.Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, ажил үүргийн давхцал, хийдлийг арилгаж, харилцан зохицуулалт хийх механизмыг боловсронгуй болгоно.
4.1.4.Аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын албан хаагчид тавих ёс зүй, мэргэжлийн чадвар, хариуцлага, хууль сахин биелүүлэх шаардлагыг өндөржүүлж, эрх зүй, нийгмийн хамгааллын баталгааг дээшлүүлнэ.
4.1.5.Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа бүхэлдээ мэдээлэл, дүн шинжилгээнд суурилсан байх нөхцөлийг бүрдүүлж, аюулгүй байдлаа төр-ард түмний нэгдмэл хүчээр хангана.
4.1.6.Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, төрийн холбогдох байгууллага, шийдвэр гаргагчид болон иргэдийг шаардлагатай мэдээллээр цаг тухайд нь хангах, үндэсний аюулгүй байдлын мэдээллийн сан байгуулах ажлыг чухалчилж, түүний бүрдүүлэлт, хамгаалалт, ашиглалтын горимыг шинэчилж хэрэгжүүлнэ.
4.1.7.Аюулгүй байдал, гадаад бодлогын салбарын эрдэм шинжилгээ, судалгааны  байгууллагын чадавхийг бэхжүүлж, төрийн бодлого боловсруулахад тэдний оролцоог нэмэгдүүлнэ.
4.1.8.Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд иргэд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын идэвх, оролцоог урамшуулж, хамтын ажиллагааны тодорхой арга, хэлбэрийг бэхжүүлж, үр дүнг дээшлүүлнэ.
4.1.9.Гамшиг, гэнэтийн аюул, халдлагатай тэмцэх үндэсний чадавхийг дээшлүүлж, эрсдэлийг бууруулна. Аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд болон төрийн бусад байгууллага онцгой нөхцөл байдал үүссэн үед хамтран ажиллах бэлэн байдлын түвшинг шинэ шатанд гаргана.

4.2.Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцооны бүтэц, удирдлага
4.2.1.Үндэсний аюулгүй байдлыг хангах үүргийг Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Засгийн газар, хууль сахиулах болон тусгай чиг үүрэгтэй байгууллагууд, төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагууд гүйцэтгэнэ.
4.2.2.Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагууд, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагууд нь энэхүү үзэл баримтлалын үзэл санааг Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомж болон эрх зүйн бусад холбогдох шийдвэрээр бэхжүүлж, тус тусын эрх хэмжээний дотор хэрэгжүүлэх үүрэгтэй.
4.2.3.Монгол Улсын иргэд, иргэний нийгмийн байгууллагууд үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хууль тогтоомж, энэхүү үзэл баримтлалыг чанд мөрдлөг болгож, тэдгээрийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцоно.
4.2.4.Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль тогтоомж, төрийн бодлогын хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг улс орон даяар уялдуулан зохицуулах чиг үүргийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хариуцна.
4.2.5.Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэхүү үзэл баримтлалыг хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагааны тодорхой стратеги, тактикийг уялдуулан зохицуулж, холбогдох дүрэм, журмыг баталж хэрэгжүүлнэ.
4.2.6.Нийслэл, аймаг, сум, дүүргийн Засаг дарга нар орон нутагтаа Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, холбогдох хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах үүрэг хүлээнэ.
4.2.7.Холбогдох үүрэг хүлээсэн албан тушаалтнаас тогтоосон хугацаанд ирүүлсэн мэдээ, тайлан болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын шугамаар авсан бусад мэдээлэл нь Үндэсний аюулгүй байдлын мэдээллийн санг бүрдүүлнэ.

4.3.Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, хяналт тавих тогтолцоо
4.3.1.Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хэрэгжилтэд хяналт, дүн шинжилгээ хийх, аюулгүй байдлын нөхцөл байдалд үнэлгээ өгөх шалгуур үзүүлэлтүүдийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл боловсруулна.
4.3.2.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн гишүүд болон аймаг, нийслэлийн Засаг дарга өөрийн хариуцсан чиглэлээрх мэдээ, тайланг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ирүүлнэ.
4.3.3.Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, холбогдох хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн биелэлтэд байнгын хяналт тавьж, үндэсний аюулгүй байдлын нөхцөл байдалд үнэлгээ өгнө.
4.3.4.Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хэрэгжилт, үндэсний аюулгүй байдлын тухайн жилийн нөхцөл байдлын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн жил бүр Монгол Улсын Их Хуралд хаалттай мэдээлэл хийнэ.