ДОЛОО.ГАДААД СУРТАЛЧИЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ БОДЛОГО

28.Гадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах бодлого нь Монгол Улсын дотоод, гадаад бодлого, ардчилал, шинэчлэлийн үйл явцыг улс түмэнд сурталчлан таниулах, тэдэнд улс орныхоо талаар эерэг ойлголт, сэтгэгдэл төрүүлэх, найрсгаар хандан талархагчдын хүрээг өргөтгөх, иргэд хоорондын харилцаа, харилцан зорчих явдлыг нэмэгдүүлэхэд оршино.

29.Гадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах бодлогыг дараахь чиглэлээр хэрэгжүүлнэ:

29.1.Монгол Улсын түүх, соёлын уламжлал, эдийн засаг, нийгмийн салбарын ололт амжилтыг гадаадад сурталчлах үйл ажиллагааг идэвхжүүлэх, гадаад сурталчилгааны бүтэц бий болгохыг дэмжих;

29.2.монголын түүх, байгаль, зан заншил, ахуй амьдрал, хөгжил дэвшлийг харуулсан сурталчилгааны ном, товхимол, нэвтрүүлэг, кино, цомог зэргийг бэлтгэн бусад улс түмэнд түгээх, сурталчлах;

29.3.хоёр талын харилцааны хүрээнд гадаадад Монгол Улсыг сурталчилсан өдрүүд зохион байгуулах, үзэсгэлэн, яармаг гаргах, кино, урлагийн тоглолт үзүүлэх, уулзалт, ярилцлага зохион байгуулахад дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

29.4.гадаад сурталчилгааг сайжруулахын тулд бусад улс, олон улсын байгууллагын нэр хүндтэй хүмүүс, улс төр, нийгэм, соёлын зүтгэлтэн, сэтгүүлч болон хэвлэл, мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах;

29.5.Монгол Улсын талаар гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр  гарч байгаа мэдээ, мэдээллийг судалж байх;

29.6.Монгол Улсын гадаад бодлого, гадаад харилцааны талаар олон нийт, хэвлэл, мэдээллийн байгууллагуудыг бодит мэдээллээр хангах, тэдний хүч бололцоог бусад улстай харилцаа, хамтын ажиллагаа хэвийн хөгжүүлэхэд чиглүүлэх;

29.7.гадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах бодлогыг хэрэгжүүлэхэд ардын болон соёлын дипломатын арга хэлбэрийг хэрэглэх;

29.8.энх тайван, найрамдлын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих.