МОНГОЛЫН СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛСАН ТОГТОЛЦООНЫ ТУРШЛАГЫГ КИРГИЗЭД НЭВТРҮҮЛНЭ

kirgiz said

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы хуралдаанд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Эрлан Абдылдаев-тай 10 дугаар сарын 1-нд уулзав.

Гадаад хэргийн сайд нар сүүлийн жилүүдэд хэрэгжсэн дээд, өндөр хэмжээний айлчлалуудыг хоёр орны ойр дотно хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцов.

Энэ сарын 4-нд Киргизийн Парламентын сонгуулиар ноён Э.Абдылдаев монголын сонгуулийн автоматжуулсан тогтолцооны туршлагыг нэвтрүүлэх гэж буйг мэдэгдэж, сонгуулийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэв.

Монгол Улс Ардчилал, сонгуулийн дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнг 2016 онд даргалах талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн мэдээлж, Киргиз Улс хүрээлэнгийн гишүүнээр нэгдэж, хамтран ажиллах боломжтойг санал болгов.