ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ТОКИОД ЧУУЛАВ

12-р сарын 9-нд Токио хотноо  “Инвест Монголиа Токио” хөрөнгө оруулагчдын 3 дахь удаагийн чуулга уулзалт болж, 350 гаруй хүн оролцов. Тус чуулга уулзалтаар Монгол-Японы эдийн засгийн харилцааны өнөөгийн байдлын тухай, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, түүний Монгол-Японы худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд үзүүлэх нөлөөний тухай, Монгол орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, ойрын жилүүдийн төлөв байдлын тухай, Монголд хөрөнгө оруулах боломжийн тухай, Уул уурхайн салбарын мега төслүүдийн үйл явц, түүнд японы худалдаа, хөрөнгө оруулалтын оролцох боломжийн тухай, банк, үл хөдлөх хөрөнгө, хөнгөн үйлдвэр зэрэг уул уурхайн бус салбар дахь хөрөнгө оруулалтын нөөц бололцооны тухай, дэд бүтцийн хөгжлийн мега төслүүдийн тухай, гадаадын хөрөнгө оруулалтын орчны өнөөгийн байдлын тухай гэсэн найман сэдвээр УИХ-ын гишүүн Л.Болд, Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, “Эрдэнэс Монгол” компаний Ерөнхий захирал Б.Бямбасайхан, МУИС-ын багш Ч.Хашчулуун, барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар, ЭСЯ-ны зөвлөх Л.Даваажаргал, “Фронтиер Секьюритийз” компаний захирал М.Игата, “Хоган Новеллс” хуулийн зөвлөлгөө өгөх компаний захирал Крис Мелвилл, “Мүүдиз хөрөнгө оруулалтын үйлчилгээ” компаний гүйцэтгэх захирал Граем Ноуд, “Токио мицүбиши банк”-ны Монгол дахь салбарын дарга Н.Хисада, “Олон улсын санхүүгийн корпораци”-ийн Монгол дахь ТГ-ын дарга Түен Нгүен, “Ази Номхон далайн хөрөнгө оруулалтын түншүүд” компаний захирал Ли Кашелл, Монгол Их Британы бизнес Зөвлөлийн дарга Жон Кроган, элчин сайд асан Т.Кидокоро нарын төр засгийн байгууллага, эрдэмтэн судлаач, гадаадын хөрөнгө оруулагчдын төлөөлөгч 30 гаруй илтгэгч илтгэл тавьж, чөлөөт хэлэлцүүлэг хийв.

Чуулганаас Монголын эдийн засаг ирэх жилүүдэд уналтаас гарч, эргэж хурдан сэргэх чиг хандлагатай байна гэсэн дүгнэлт гаргаж, Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэх, Таван толгойн хөрөнгө оруулагчидтай хийж буй гэрээ хэлэлцээ урагшлах зэргээр том төслүүд хөдөлгөөнд орж, гадаад худалдааны баланс эерэг гарч, уул уурхайгаас бусад салбарт хөрөнгө оруулалт эрчимжих зэрэг Монголын эдийн засагт гарч буй эерэг чиг хандлагыг сайшаан, улс төрийн нөхцөл байдал тогтворгүй, хуулийн болон эдийн засгийн бодлого тууштай бус зэрэг дутагдлаа засаж залруулахыг хүсэв.

12-р сарын 10-нд Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яаман дээр ЭСЯ, “Фронтиер Секьюритийз” компани, Японы гадаад худалдааг дэмжих ЖЕТРО байгууллагаас хамтран чуулганд оролцогсдод зориулсан “Бизнес уулзалт” зохион байгуулав. Бизнес уулзалтад Монголоос ирсэн 13 компани сурталчилгааны булан ажиллуулж, Японы 130 гаруй пүүс компани ирж сонирхон мэдээлэл солилцож, хэлхээ холбоо тогтоов.