151215-1Туркменистан Улс байнга төвийг сахих статустай болсны 20 жилийн ойн баярын ёслол болон “Төвийг сахих бодлого: энх тайван, аюулгүй байдал, хөгжлийн төлөө олон улсын хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын бага хурал тус улсын нийслэл Ашгабат хотноо 2015 оны 12 дугаар сарын 11-13-нд болж, 20 орны төр засгийн болон парламентийн тэргүүн, 20 гаруй орны Гадаад хэргийн сайд, дэд сайд, 30 орчим олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцов.

Туркменистан Улсын Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов олон улсын бага хурлыг нээж үг хэлэхдээ тус улс төвийг сахих статустай болсноос хойших 20 жилд хурдацтай хөгжиж, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тусгай элч, Гадаад хэргийн яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Ж.Чойнхор, Монгол Улсаас Туркменистан Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Батхишиг нар тус хуралд оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг гардуулав.