ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2016.01.25-2016.01.29

УНГАР УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ВИКТОР ОРБАН АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОНГОЛ УЛСАД ИРЭВ

Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан албан ёсны айлчлал хийхээр Монгол Улсад ирлээ. Түүний айлчлал 2016 оны 1 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд  үргэлжлэх бөгөөд Монгол Улсад хэрэгжүүлж буй Унгар Улсын Ерөнхий сайдын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог юм.

ХОЁР ТАЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАРИМТ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбаны Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр “Монгол Улс болон Унгар Улсын хооронд байгуулсан хоёр талт гэрээний үйлчлэлийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын протокол, “Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Монгол Улсын Хөгжлийн банк, Унгар Улсын экспорт импортын банк хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг, Улсын бүртгэл статистикийн ерөнхий газар, Унгарын мөнгөн тэмдэгтийн хэвлэлийн хувьцаат компани хоорондын хамтын ажиллагааны гэрээ, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Будапешт уатеруоркс ХХК хооронд хамтран ажиллах санамж бичиг зэрэг хоёр талын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Төрийн ордонд гарын үсэг зурав.

УИХ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛДОД УНГАР УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ВИКТОР ОРБАН БАРААЛХАВ

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2016.01.25/ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан дагалдан яваа албаны хүмүүсийн хамтаар бараалхав.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга, Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан тэргүүтэй хүндэт зочдыг Монгол Улсад тавтай зочлохыг урилаа.

ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН УНГАР УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХУДАЛДААНЫ САЙД П.СИЯЯАРТОТОЙ УУЛЗАВ

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияртотой тус улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр уулзав.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД УНГАР УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД БАРААЛХАВ

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхав.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүндэт зочныг өргөн бүрэлдэхүүнтэйгээр, хүйтний эрч чангарсан өдрүүдийг үл анзааран алс Европоос Монголд айлчлан ирсэнд талархаж буйгаа илэрхийллээ.

“МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” ХУРАЛ БОЛЛОО

Гадаад хэргийн яамны ээлжит “Мэдээллийн цаг” өнөөдөр зохион байгуулагдав.

Энэ удаагийн мэдээллийн цагаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо  1 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт”-д оролцсон талаар мэдээлэл өгөв.

УНГАР УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ВИКТОР ОРБАНЫ МОНГОЛ УЛСАД ХИЙСЭН АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨВ

Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбаны энэ сарын 24-26-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болж өндөрлөв.

Хоёр Улсын Ерөнхий сайд нар ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээ хийснээс гадна Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт бараалхав.