“ДЭЛХИЙН МОНГОЛЧУУД” ХӨТӨЛБӨР /Бүрэн эхээрээ/

Засгийн газрын 2016 оны 1 дүгээр
тогтоолын  хавсралт

“ДЭЛХИЙН МОНГОЛЧУУД” ХӨТӨЛБӨР

Нэг. Нийтлэг үндэслэл

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 18 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын иргэн гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй бөгөөд хилийн чанадад хувийн хэргээр зорчих, суралцах, хөдөлмөр эрхлэх, жуулчлах, оршин суух иргэдийн тоо жил бүр өсөн нэмэгдэж байна.         2015 оны байдлаар Монгол Улсын 120 мянган иргэн хилийн чанадад оршин суугаа судалгаа гарсан нь манай улсын нийт хүн амын 4 хувь , нийслэлийн хүн амын 9 хувь , хөдөө орон нутагт амьдарч байгаа хүн амын 26 хувь  байна. Дэлхийн банкны тайланд дурдсанаар хилийн чанадад байгаа монгол иргэдээс эх орондоо гуйвуулсан цалин хөлс 2011 онд ҮНБ-ий 2,7 хувь, 2013 онд 2,0 хувь байжээ. Засгийн газрын тэтгэлгээр 2000-2014 онд нийт 8500 оюутан суралцсан бөгөөд 2015 оны байдлаар хилийн чанадад 40000  монгол оюутан суралцаж байна. Түүнчлэн Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлд “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан. Энэ нь төрөөс хэрэгжүүлэх эрх зүй, эдийн засаг, нийгмийн аливаа бодлого эх орондоо байгаа болон хилийн чанадад суугаа иргэдэд адил үйлчлэх үндэслэл юм. Улсын Их Хурал, Засгийн газраас хүн амын хөгжил, нийгмийн эрүүл мэнд, өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих, орон сууцны талаар баримтлах үндэсний бодлогыг баталдаг хэдий ч эдгээр үндэсний хэмжээний бодлогыг хилийн чанадад байгаа иргэдэд хүргэх механизм бүрдээгүй байна. Иймд хилийн чанадад суралцаж, ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдэд чиглэсэн цогц бодлогыг баталж хэрэгжүүлэх, уг бодлогыг хэрэгжүүлэх механизмыг бий болгох зэргээр иргэдийнхээ эрхийг баталгаажуулах шаардлага тулгарч байна.

Хилийн чанадад нарийн мэргэжил эзэмшсэн иргэдийн мэдлэг, боловсролыг ашиглах, монголд нутагших боломж, нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр урт хугацааны тогтвортой бодлого зайлшгүй шаардлагатай байна.

Хилийн чанадад байгаа монгол иргэд хэл, соёлоо өвлөн хадгалах нөхцөлийг баталгаажуулах, Монгол Улсыг гадаадад сурталчлахад татан оролцуулах, монголчуудын холбоог нэгдмэл болгох, санхүүжилтийн тогтолцоог олон улсын түвшинд хүргэж, алсын харааг оновчтой тодорхойлон Нэгдсэн Үндэстний Байгууллагад бүртгэлтэй үндэсний хосгүй үнэт зүйлд тулгуурласан үндэстний холбоо (Дэлхийн Монголчуудын чуулган) болгон хөгжүүлэх зорилт тавигдаж байна.

Монгол хэл, соёл, урлаг, зан заншлыг тээгч ард түмнүүдийн соёлын солилцоо, харилцаа, хамтын ажиллагааг дэмжих, Монгол Улсыг Монгол судлалын төв болгох зорилгоор дэлхийн монгол судлаачдыг дэмжих, дэлхийн өвд бүртгүүлсэн монголын соёлын өвийг хамгаалах талаар олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх зэрэг нь энэхүү “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийг  боловсруулах үндэслэл болно.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго

2.1. Хөтөлбөрийн зорилго нь хилийн чанадад байгаа монгол иргэдэд чиглэсэн цогц бодлогыг боловсруулах, Үндсэн хуульд заасан тэдгээрийн эрхийг баталгаажуулах, монгол хэл, соёл, урлаг, зан заншлыг тээгч ард түмнүүдийн соёлын солилцоо, харилцаа, хамтын ажиллагааг дэмжих, хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдийн зүгээс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

Гурав. Хөтөлбөрийн зорилт

3.1. Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтыг дэвшүүлнэ:

3.1.1. хилийн чанадад байгаа иргэдийн мэдээллийн нэгдсэн сан бий болгож, иргэний бүртгэлд бүрэн хамруулах;

3.1.2. хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэн эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах боломжийг бүрдүүлэх;

3.1.3. хилийн чанадад байгаа монгол иргэдийн эрхийг баталгаажуулах;

3.1.4. монгол иргэдийн холбоо, иргэдийн санаачилгыг дэмжих тогтолцоог бүрдүүлэх;

3.1.5. монгол хэл, соёл, урлаг, зан заншлыг тээгч ард түмнүүдийн соёлын солилцоо, харилцаа, хамтын ажиллагааг дэмжих.

Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим

4.1. Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:

4.1.1. Монгол Улсын Үндсэн хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал зэрэг үндэсний хэмжээний бодлого, хөтөлбөр, Монгол Улсын хоёр болон олон талт хамтын ажиллагааны зарчимд нийцсэн байх;

4.1.2. үндэсний эв нэгдлийг хангах, ардчилсан ёс, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, тэгш байдал, ил тод байдал, хууль дээдлэх зарчимд нийцсэн байх;

4.1.3. төрийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэдийн харилцан уялдаатай хамтын ажиллагааг хангасан байх;

4.1.4. хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдийн оролцоог хангасан байх;

4.1.5. хөтөлбөрийг хэрэгжилт үр ашигтай, хэмнэлттэй зохион байгуулах, ил тод байх.

Тав. Хөтөлбөрийн хугацаа

5.1. Хөтөлбөрийг 2016-2020 онд хэрэгжүүлнэ.

Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ

6.1. Хилийн чанадад байгаа иргэдийн мэдээллийн нэгдсэн сан бий болгож, иргэний бүртгэлд бүрэн хамруулах зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

6.1.1. хилийн чанадад байгаа монгол иргэдийн бүртгэлийг сайжруулж, хилийн шалган нэвтрүүлэх албаны бүртгэлийг үндэслэн мэдээллийн санг тогтмол шинэчлэх;

6.1.2. бүртгэлийн тайланг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сан, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын стандартад нийцүүлэх, холбогдох журмыг боловсруулж батлуулах;

6.1.3. хилийн чанадад амьдарч байгаа иргэдийн талаар сэдэвчилсэн судалгаа хийж, үр дүнг Улсын Их Хурал, Засгийн газарт зохих журмын дагуу танилцуулж, бодлого, төлөвлөлтөд ашиглах;

6.1.4. хилийн чанадад амьдарч байгаа иргэдийг шинэчилсэн бүртгэлд бүрэн хамруулах, бичиг баримтгүй, бичиг баримтын зөрчилтэй иргэдийн асуудлыг шийдвэрлэх талаар холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах;

6.1.5. дипломат төлөөлөгчийн газруудад төрийн үйлчилгээний цахим машины үйлчилгээ үзүүлэх, иргэний лавлагааг тухайн орны хэлээр авах, хилийн чанадад байгаа иргэдэд зориулсан нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэх.

6.2. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэн эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах боломжийг бүрдүүлэх зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

6.2.1. гадаадад их, дээд сургууль төгсөгчдийг ажлын байраар хангах, гадаадад төгсөгчдийг ажлын байраар хангасан үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд дэмжлэг үзүүлэх тогтолцоог бий болгох;

6.2.2. улсын төсөв, сургалтын сангийн зээлээр гадаадын их, дээд сургуульд суралцаж төгссөн иргэдийг гэрээ байгуулсан төрийн захиргааны төв байгууллага ажлын байраар хангах эрх зүйн зохицуулалтыг бий болгох;

6.2.3. гадаад улсад нарийн мэргэжил эзэмшсэн иргэдийг түр хугацаагаар буюу бүрмөсөн эх орондоо ирж ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх;

6.2.4. патент, өндөр технологи, инновацийг нутагшуулах, үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд монгол эрдэмтэд, өндөр мэргэжил эзэмшсэн иргэд, тэдний ажилладаг болон хамтран ажилладаг байгууллагыг татан оролцуулах;

6.2.5. холбогдох төрийн байгууллагатай хамтран гадаадад их, дээд сургууль төгсөгчдөд зориулсан хөдөлмөрийн яармагийг жил бүр тогтмол зохион байгуулах;

6.2.6. эх орондоо ирж суурьших иргэдийн нийгмийн даатгалын асуудлыг шийдвэрлэх, хувь хүний орлогын албан татвараас нэг удаа чөлөөлөх зэрэг эдийн засгийн хувьд таатай нөхцөл бүрдүүлэх.

6.3. Хилийн чанадад байгаа монгол иргэдийн эрхийг баталгаажуулах зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

6.3.1. хилийн чанадад ажиллаж байгаа иргэн тухайн улсад төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг Монгол Улсад төлсөнтэй адилтган тооцох талаар хоёр талын хэлэлцээр байгуулах чиглэлээр ажиллах;

6.3.2. хилийн чанадад байгаа иргэн эх орондоо газар эзэмших, Монгол Улсын хуульд заасан нийгмийн халамжид хамрагдах, мэдээллээр хангагдах боломжийг бүрдүүлэх;

6.3.3. хилийн чанадад байгаа иргэн сонгуулийн эрхээ эдлэх боломжийг баталгаажуулах, цахимаар саналаа өгөх тогтолцоог хөгжүүлэх;

6.3.4. гадаадын иргэншилтэй болсон монгол иргэдийн Монгол Улсад зорчих, оршин суух, бизнес эрхлэх нөхцөлийг хөнгөвчлөх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх;

6.3.5. гадаадын иргэншилтэй болсон монгол иргэн Монгол Улсын харьяаллаа сэргээх хуулийн шаардлагыг хялбаршуулах.

6.4. Монгол иргэдийн холбоо, иргэдийн санаачилгыг дэмжих тогтолцоог бүрдүүлэх зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

6.4.1. хилийн чанадад байгаа монгол иргэдийн холбоод ардчилсан, ил тод зарчмаар, сайн дураар эвлэлдэн нэгдэхийг дэмжих;

6.4.2. хилийн чанадад байгаа монгол иргэд уулзалт зохион байгуулах, хот, улс, тивийн хэмжээнд спорт, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, дэлхийн монголчуудын нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах;

6.4.3. хилийн чанадад байгаа иргэдээс зохион байгуулдаг Монгол судлал, монгол соёл, урлагийн олон улсын арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх;

6.4.4. хилийн чанадад байгаа монгол хүүхдүүдэд монгол хэл, ёс заншил, түүх, соёлын чиглэлээр суурь чадамж эзэмшүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх байгууллагад сурах бичиг, гарын авлага, хялбаршуулсан сургалтын хөтөлбөр зэргээр дэмжлэг үзүүлэх нөхцөл, шалгуурыг боловсруулж Засгийн газраар батлуулах;

6.4.5. төрийн байгууллага болон хилийн чанадад байгаа иргэд, эх орондоо байгаа иргэдийн хооронд харилцах нэгдмэл ойлголт, байр суурийг  бүрэлдүүлэх;

6.4.6. дипломат төлөөлөгчдийн газраас иргэдийн холбоог дэмжиж, иргэдтэй нээлттэй, тогтмол харилцах тогтолцоог хэвшүүлэх.

6.5. Монгол хэл, соёл, урлаг, зан заншлыг тээгч ард түмнүүдийн соёлын солилцоо, харилцаа, хамтын ажиллагааг дэмжих зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

6.5.1. монгол хэл, соёл, урлаг, зан заншлыг тээгч ард түмнүүд, монгол иргэд ардчилсан, ил тод зарчмаар, сайн дураар нэгдэх, улмаар Нэгдсэн Үндэстний Байгууллагад бүртгэлтэй үндэсний хосгүй үнэт зүйлд тулгуурласан холбоо болж хөгжихийг дэмжих;

6.5.2. монгол хэл, соёл, урлаг, зан заншлыг тээгч ард түмнүүд, монгол иргэд харилцах, соёлын өвийг хамтран сурталчлах, шинжлэх ухааны судалгаа хийх, эрдэм шинжилгээний бага хурал, уулзалт, соёл урлаг, спортын олон улсын арга хэмжээ зохион байгуулах зэрэг хамтын ажиллагааг дэмжих;

6.5.3. монгол хэл, соёл, урлаг, зан заншлыг тээгч ард түмнүүд Монгол Улсад зорчих хөнгөвчилсөн журмыг боловсруулж мөрдүүлэх арга хэмжээ авах.

Долоо. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт

7.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах үүрэг бүхий зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх) ажиллана. Зөвлөлийн дарга нь гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна.

7.2. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Засгийн газар батална. Зөвлөл нь гадаад харилцаа, боловсрол, соёл, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хууль зүй, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлал болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хилийн чанадад байгаа монгол иргэдийн холбоо, төгсөгчдийн холбоо, эрдэмтэн, судлаачдаас бүрдэнэ.

7.3. Зөвлөл нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.

7.4. Хөтөлбөрийн хэрэгжилтийг Зөвлөл хариуцан зохион байгуулж, явц, үр дүнг Засгийн газарт хагас жил тутам танилцуулна.

7.5. Зөвлөл нь хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болох судалгаа, тайлан гаргах, нийтэд таниулан сурталчлах, хэрэгжилтэд хяналт тавих цахим мэдээллийн системийг хариуцан ажиллуулна.

Найм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгийн
эх үүсвэр

8.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

8.1.1. улсын болон орон нутгийн төсөв;

8.1.2. байгууллага, иргэдийн хандив, тусламж;

8.1.3. олон улсын байгууллагын тусламж болон төсөл, хөтөлбөрийн санхүүжилт;

8.1.4. бусад.

8.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүр тооцож, тухайн жилийн төсөвт тусган батлуулна.

Ec. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт

9.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараах шалгуур үзүүлэлтээр дүгнэнэ:

9.1.1. иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан хилийн чанадад байгаа иргэдийн тоо;

9.1.2. хилийн чанадад байгаа иргэдийн хүүхдүүдэд монгол хэл, ёс заншил, түүх, соёлын чиглэлээр суурь чадамж эзэмшүүлэх байгууллага, сургалтын хөтөлбөр, сурах бичиг, хамрагдсан хүүхдийн тоо;

9.1.3. гадаадын их, дээд сургууль төгсөгч иргэдийг ажлын байраар хангасан тоо;

9.1.4. эх орондоо түр хугацаагаар болон бүрмөсөн ирж ажилласан нарийн мэргэжлийн эмч, шинжээч, эрдэмтдийн тоо;

9.1.5. нийгмийн даатгалын шимтгэлийг адилтган тооцох талаар байгуулсан хоёр талын хэлэлцээр;

9.1.6. хилийн чанадад зохион байгуулагдсан монгол судлал, соёл, урлаг, спортын олон улс, бүс нутгийн арга хэмжээ;

9.1.7. монгол хэл, соёл, урлаг, зан заншлыг тээгч ард түмнүүдийн холбоог Нэгдсэн Үндэстний Байгууллагад бүртгүүлэх нөхцөлийг бүрэлдүүлсэн эсэх;

9.1.8. Монгол Улсын харьяатаас гарсан уугуул иргэд харьяаллаа сэргээх, Монгол Улсад зорчих, бизнес эрхлэх, оршин суух эрх зүйн зохицуулалтыг боловсруулсан эсэх.

9.2. Зөвлөл хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт бүрээр хүрэх зорилтот үзүүлэлтийг жил бүр тогтооно.

Арав. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ

10.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг зорилт, үйл ажиллагааны үр дүнгээр нь үнэлнэ.

10.2. Хөтөлбөрийн хэрэгжилтэд гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.

—о0о—