Mongolia Development Forum-1Харвардын их сургуулийн Кеннедийн төрийн удирдлагын сургуульд “Монголын хөгжлийн чуулга уулзалт”-ыг амжилттай зохион байгууллаа. Тус сургуульд суралцаж буй монгол оюутнуудын санаачилгаар анх удаа зохион байгуулсан тус чуулга уулзалт нь Монгол орноо олон улсад сурталчлах, хөрөнгө оруулалт татах, дэлхийд тэргүүлэгч судалгаа шинжилгээний институтын хэмжээнд Монголын сайн нэрийг бататгах зорилготой юм.

Чуулга уулзалтад Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл, Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, Харвардын их сургуулийн профессор Рикардо Хаусмэн, Мянганы сорилтын сангийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дэд захирал Коуртни Энгелке, Хойд Америк, Монголын бизнесийн зөвлөлийн ерөнхийлөгч Стивн Сэндэрс нар Монгол Улсын хөгжлийн асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Чуулга уулзалтад Харвардын их сургууль, Массачусетсийн их сургууль болон Бостон орчмын сургуулиудад багшилж, сурч буй монголчуудаас гадна гадаадын оюутан, судлаачид өргөнөөр оролцов.