13161246_10206420437974274_1573330161_o(1)Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг Туркийн Үндэсний Их Хурал /парламент/ дахь шинэчлэн байгуулагдсан Турк, Монголын найрамдлын бүлгийн  гишүүдтэй 2016 оны 5 дугаар сарын 5-нд танилцах уулзалт хийв.

Тус бүлгийн дарга,Туркийн парламентад 4 удаа сонгогдсон Мехмет Эрдоан бүлгийнхээ гишүүдийг танилцуулж, ойрын үед хийхээр төлөвлөж буй ажлын тухай ярив.

Элчин сайд Б.Батхишиг Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн хөгжил болон  Монгол,Туркийн харилцааны өнөөгийн  байдал, цаашдын зорилтын талаар мэдээлэл хийж, парламентчдын сонирхсон асуултад хариулав.

Туркийн Үндэсний Их Хурал дахь Турк, Монголын найрамдлын бүлэг 2016 оны 3 дугаар сард шинэчлэн байгуулагдсан бөгөөд тус парламентад суудалтай 3 намыг төлөөлсөн 20 гишүүнтэй юм.