photo2Дэлхийн хүмүүнлэгийн дээд түвшний уулзалт 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Туркийн Истанбул хотноо эхлэв. Тус уулзалтыг нээж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн үг хэлэхдээ дэлхийд эдүгээ 125 сая хүнд хүмүүнлэгийн тусламжийг нэн тэргүүнд үзүүлэх шаардлагатай байгаа ба зөрчилдөөн, мөргөлдөөний улмаас жил бүр 60 сая хүн дүрвэхэд хүрч буйг онцлон тэмдэглэсэн бол Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан тус улс дахь Сири, Иракийн 3 сая гаруй дүрвэгсдэд бүх талын туслалцаа үзүүлэхээ илэрхийлж, бусад улсыг хүмүүнлэгийн үйл хэрэгт идэвхтэй оролцохыг уриалав.

Уулзалтын эхний өдрийн бүгд хуралдаанд Германы канцлер Ангела Меркел, Кувейтийн Эмир аль-Жабер аль-Сабах, Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев, Украины Ерөнхийлөгч Петро Порошенко, Гүржийн Ерөнхийлөгч Георгий Маргвелашвили, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хванг Кё-ан, Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас нарын зэрэг төр, засгийн тэргүүнүүд үг хэлж, дэлхийн хүмүүнлэгийн асуудлыг шийдвэрлэхэд өөрсдийн орны үүрэг, оролцоог нэмэгдүүлэхээ илэрхийлэв.

НҮБ-аас анх удаа зохион байгуулж байгаа тус уулзалтад НҮБ-ын гишүүн 125 гаруй орны төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд 1) мөргөлдөөн, хүчирхийлэл, хямралыг зогсоох, урьдчилан сэргийлэхэд улс төрийн нөлөөлөл, оролцоог хүчтэй болгох, 2) зэвсэгт тулгаралтын үед хүн ам болон нийгмийн байгууламжуудыг хамгаалах, хүмүүнлэгийн тухай олон улсын photo1хуулийг мөрдүүлэх, 3) мөргөлдөөн ба байгалийн гамшгийн улмаас хүнд аюултай нөхцөлд орсон бүх хүмүүст хүрч туслах, 4) тэднийг дутагдал, гачигдлаас гаргахын тулд үндэсний болон орон нутгийн чадавхийг бэхжүүлэх, 5) хүмүүнлэгийн асуудлыг шийдвэрлэхэд улс орнуудын Засгийн газар ба хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан уялдуулах асуудалд гол анхаарлаа чиглүүлж байна.

Тус уулзалтад Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг оролцож, уулзалтаас гаргах үндсэн баримт бичигт манай улсын саналыг тусгах асуудлаар холбогдох хүмүүстэй уулзаж ярилцав.