123“Олон улсын хүүхдийн эрхийн өдөр”-ийг манай орон 64 дэх жилдээ тэмдэглэж байна. Анх 1925 онд Женев хотноо “Хүүхдийн сайн сайхны төлөө” дэлхийн чуулга уулзалт болж, тэрхүү чуулга уулзалтаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээр “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан байдаг билээ. Монгол Улс хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр нийт 11 олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орсон. Энэ хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр манай УИХ, Засгийн газар анхаарал тавин ажиллаж байна.

ГХЯ-ны хамт олны зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ жилийн хүүхдийн баярыг “Хүүхэд бүр хөөрхөн” уриан дор оюуны бэрхшээлтэй гэгдэх дауны өвчтэй хүүхдүүдийг баярын өдрөөр нь баярлуулах, үе тэнгийнхээ бусад хүүхдүүдтэй танилцах, тоглох, хөгжилдөх боломжийг нь бүрдүүлэн өгөх ажлыг Монголын дауны холбоо, Чойжин ламын сүм музей, Нүүдлийн зурган өгүүлэмж ТББ-тай хамтран зохион байгууллаа.

Манай түүх, дурсгалын хосгүй үнэт өв хадгалагдан байдаг Чойжин ламын сүм музейн үзмэрийг үнэ төлбөргүй, тайлбарлагчтайгаар үзүүлэх, хүүхдүүдийг багт хуваан музейн үзмэрүүдийг зурах, баримлын шавраар бүтээх зэргээр нийгмийн идэвхтэй харилцаанд оролцуулах арга хэмжээг авч ажилласан нь хүүхдүүд харилцан  бие биенээ ойлгож, бие биедээ тусалсан сайхан арга хэмжээ боллоо. Үндэсний хүүхэлдэйн баатар “Бумбардай” цуврал номоор арга хэмжээнд оролцсон хүүхэд бүрийг Нүүдлийн зурган өгүүлэмж ТББ-ын хамт олноос шагнаж урамшууллаа.