Л.ПҮРЭВСҮРЭН САЙД МОНГОЛ, ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНД СОЛИЛЦОХ НООТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

2016 оны зургадугаар сарын 21. Япон Улсын Засгийн газар манайд бас нэгэн буцалтгүй тусламжийн төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Нийт 555 сая иен буюу 9.9 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр-JDS” төслийг хэрэгжүүлэх юм байна. Тус төслийг хэрэгжүүлэх тухай Монгол, Японы Засгийн газар хооронд солилцох ноот бичигт гарын үсэг зурлаа. Японы энэ төсөлд 2016 онд Монгол Улсаас 22 хүн хамрагдана. Үүний 18 нь залуу төрийн албан хаагч байх бөгөөд 2 нь хувийн хэвшлээс, 2 нь доктарантурын сургалтад хамрагдах юм байна. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPAГадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих 555 сая иэний /9 тэрбум 900 сая орчим төгрөг/ үнийн дүн бүхий “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр-JDS” төслийг хэрэгжүүлэх тухай Монгол, Японы Засгийн газар хооронд солилцох ноот бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү хөтөлбөр нь зах зээлийн эдийн засагт шилжсэн улс орнуудын хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилготой. Түүнчлэн тухайн орны хөгжилд хувь нэмэр оруулах ирээдүйтэй залуу төрийн албан хаагчдыг Япон Улсын их дээд сургуульд суралцуулж, мэдлэг олгодог нэн чухал ач холбогдолтой хөтөлбөр юм.

  “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр-JDS” төслийг Япон Улсын Засгийн газар хөгжиж буй улс орнуудын хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилгоор 1999 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Өдгөө Монгол, Индонез, Филиппин, Хятад, Лаос, Узбекистан, Камбож, Вьетнам, Гана зэрэг нийт 12 улсад  хэрэгжиж байна. Монгол Улс тус хөтөлбөрт 2001 онд хамрагдаж, өнөөг хүртэл нийт  14 төсөл хэрэгжиж, 262 залуу төрийн албан хаагч хамрагджээ.

Төслийн хүрээнд Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлуудад хувь нэмэр болохуйц нийгмийн ухааны чиглэлд төвлөрсөн хууль, эдийн засаг, төрийн удирдлага зэрэг мэргэжлүүдээр боловсон хүчин бэлтгэдэг.

2015 онд хэрэгжсэн энэхүү хөтөлбөрт манай улсын 18 төрийн албан хаагч хамрагдаж, Япон Улсын их дээд сургуулийн магистрантурт суралцаж байна.

Цаашид энэ хөтөлбөрийн хамрах хүрээ өргөжиж, хувийн хэвшлийн төлөөлөл хамрагдах боломжтой болох юм.  2016 онд Монгол улсаас 22 хүн энэ төсөлд хамрагдана. Үүний 18 нь залуу төрийн албан хаагч байх бөгөөд 2 нь хувийн хэвшлээс, 2 нь доктарантурын сургалтад хамрагдах юм байна. Уг төсөл 2016 оноос 2 үе шаттайгаар 7 жилийн /3 жил, 4 жил/  хугацаанд хэрэгжинэ.