1Архивын салбарт хамтран ажиллах тухай Монгол-Оросын комиссын ээлжит 22 дугаар хуралдааны хүрээнд зохион байгуулж байгаа “Орос – Монголын эдийн засгийн харилцаа, 1955-1985 он” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн Москва хотноо энэ оны 6 дугаар сарын 20-ны өдөр нээгдэв.

Үзэсгэлэнгийн нээлтэд ОХУ-ын Холбооны Архивын агентлагийн орлогч дарга В.П.Тарасов, Архивын ерөнхий газрын дарга И.Саруул, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Ч.Баттөмөр нар оролцож талархлын үг хэлэв.

Үзэсгэлэнд ОХУ-ын Төрийн архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Монгол – Оросын 1955-1985 оны эдийн засгийн харилцаатай холбоотой түүхэн баримт бичиг, холбогдох гэрээ хэлэлцээрийн хуулбар, баримт өгүүлсэн гэрэл зургуудыг гадаад худалдаа, хөдөө аж ахуй, тээврийн салбарын чиглэлээр төрөлжүүлэн байршуулжээ.

Үзэсгэлэн энэ оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажиллах (ул. Б. Дмитровка, 15) бөгөөд 2017 онд Улаанбаатар хотод гаргахаар төлөвлөж байгаа ажээ.