МОНГОЛ, УЗБЕКИСТАНЫ ХАРИЛЦААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

20160621_124429_resizedМонгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг 2016 оны 6 дугаар сарын 21-нд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал А.Фатхуллаевтай уулзаж, хоёр улсын харилцааны талаар ярилцав.

Элчин сайд Б.Батхишиг дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх хэлэлцээрийг энэ онд багтан байгуулах, түүнчлэн одоо санал солилцож буй Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр, Худалдаа, эдийн засгийн болон шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр, Агаарын харилцааны хэлэлцээр, Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр, Терроризмтой тэмцэх тухай хэлэлцээр, Зохион байгуулалттай гэмт хэрэг, мансууруулах болон сэтгэцэд нөлөөтэй зүйлсийг хууль бусаар худалдаалахтай тэмцэх тухай хэлэлцээр зэрэг баримт бичгийг ойрын үед эцэслэж, гарын үсэг зурах санал тавив.

Мөн хоёр улсын Гадаад хэргийн яамд хоорондын улс төрийн IV зөвлөлдөх уулзалтыг ирэх онд Ташкент хотноо зохион байгуулах, түүнчлэн бусад яам, агентлагуудын хооронд харилцан айлчлал зохион байгуулах талаар ярилцав.

Узбекистан ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарч 1991 оны 9 дүгээр сарын 1-нд тусгаар тогтнолоо зарласан бөгөөд манай улс 1992 оны 1 дүгээр сарын 25-нд Бүгд Найрамдах Узбекистан Улстай дипломат харилцаа тогтоосон. Анкара дахь манай улсын ЭСЯ Узбекистаныг, Бээжин дахь Узбекистаны ЭСЯ манай улсыг тус тус хавсран суудаг.