Гурван улсын тэнцүү оролцоотой ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨВИЙГ УЛААНБААТАРТ байгуулна

c0fee4_MPA_PHOTO-6899_x974

Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 16 дугаар хуралдааны үеэр Монгол, Орос, Хятад улсын төрийн тэргүүнүүдийн гурав дахь дээд хэмжээний уулзалт амжилттай болж өнгөрлөө.

Тус уулзалтын талаар Гадаад Хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Ташкент хотноо сэтгүүлчдэд өгсөн товч ярилцлагыг хүргэж байна. 

– Монгол, Орос, Хятадын төрийн тэргүүн нарын гурван талт гурав дахь уулзалт болж өндөрлөлөө. Энэ удаагийн уулзалтын гол үр дүн болох хоёр гол баримт бичгийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

– Узбекистаны нийслэл Ташкент хотноо ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол, Орос, Хятадын гурван тал хамтын ажиллагааны гурав дахь дээд хэмжээний уулзалт боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр жилийн өмнө санаачлаад энэхүү уулзалтыг хийж эхэлсэн. Бид гурван талт уулзалтын хүрээнд байнгын механизмтай болсон. Гадаад Хэргийн дэд сайд нарын уулзалт мөн жил болгон болж байна.

Энэ удаагийн төрийн тэргүүн нарын уулзалт маш амжилттай боллоо. Хоёр дахь уулзалт буюу ОХУ-ын Уфа хотод болсон уулзалтаар Эдийн засгийн коридор байгуулъя гэсэн Санамж бичигт гарын үсэг зурсан. Санамж бичгийг ажил хэрэг болгох үүднээс нэг жилийн дотор эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт өчигдөр (2016.06.24) гарын үсэг зурлаа. ОХУ-ын талаас энэ хөтөлбөрийг Эдийн Засгийн Яам нь, БНХАУ-ын талаас Хөгжил Шинэчлэлийн Хороо, Монголын талаас бол Гадаад Хэргийн Яам хариуцаж ажиллаж байна.

 32 төсөлд Монгол Улсыг дамжиж гарах төмөр замын шинэ гарцууд, шинэ коридор, интернэтийн өндөр хурдтай шугам, ирээдүйд хийгдэх хий, нефтийн хоолой зэрэг маш олон төслийн зарчмыг тусгасан.

Нэг жилийн дотор бид 10 гаруй удаагийн хэлэлцээ хийсэн байна. Монголын талаас энэ гурван талт хамтын ажиллагааг санаачилсан учраас санаачлагаа алдахгүйн тулд Гадаад Хэргийн Яам их мэрийсэн.Эхнээсээ Орос, Хятадын талаас энэ хөтөлбөрийг нэлээд өргөн дэлгэр байгуулъя гэсэн санаачлагууд гаргасан. Гэхдээ бид хоёр хөрштэйгээ юу юугүй бүх талаараа эвсэл маягийн зүйлд орчихгүй гадаад бодлогын зарчмуудаа барьж эхний ээлжинд Монгол Улсад ашигтай эдийн засгийн асуудлууд дээрээ төвлөрье гэсэн байгаа.

Хятадын тал гэхэд 190 гаруй төсөл оруулж ирсэн. Үүнийг олон талаар шүүж үзээд Монгол Улсын эрх ашигт нийцэх, Монгол Улсад ашигтай төсөл хөтөлбөрүүдэд оролцох зорилтоо тодорхойлж 32 төсөл дээр хамтарч ажиллахаар хөтөлбөрийг баталлаа. Энэ 32 төсөл нь олон нийтэд нээлттэй. Ямарваа нэг нууц гэрээ хэлэлцээр байхгүй.

Гол нь хөтөлбөрүүдийн зарчмыг тохироод гарын үсэг зурлаа. 32 төслийг хавсралтаар баталсан. Энэ 32 төсөлд Монгол Улсыг дамжиж гарах төмөр замын шинэ гарцууд, шинэ коридор, интернэтийн өндөр хурдтай шугам, ирээдүйд хийгдэх хий, нефтийн хоолой зэрэг маш олон төслийн зарчмыг тусгасан.

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хүрээнд баримт бичгийг цааш нь авч явдаг механизм хэрэгтэй гэж үзсэн. Тиймээс Улаанбаатарт Хөрөнгө оруулалтын Төв байгуулъя гэсэн. Үүнийг ч ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дэмжсэн. Энэ бол он удаан жил үргэлжэх ихээхэн том ажлын эхлэл боллоо. Бид амжилттай ажиллаж чадлаа.

– Эдийн засгийн коридор хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих томоохон төслийн санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой тохиролцоонд хүрч чадсан уу?

– Санхүүжилтийн тухайд нэлээд зүйл дээр тохиролцож тодорхой дэвшил гарсан.

Оросын талын хувьд эдийн засаг хүнд байгаа учраас санхүүжилтийн тухайд төдийлөн барин тавин ярьчих цаг биш байна. Хятадын талаас мөнгө гарна. Хятадад Торгоны зам төслийн 40 сая долларын сан бий. Гэхдээ бид зөвхөн Орос, Хятадын санхүүжилтаар хязгаарлахгүй. Олон улсын санхүүгийн байгууллагууд буюу Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк зэрэг бусад төрлийн санхүүжилтийн эх үүсвэрийг оруулж ирэх боломжтой гэж тохиролцсон.

– Хөрөнгө оруулалтын төвийг гурван тал ямар оролцоотой байгуулах вэ?
– Бид зарчмаа тогтсон. Гурван тал адил 33, 33 хувийн хөрөнгө оруулалт хийгээд явна.

Олон улсын байгууллагыг өөрийнхөө орны нийслэлд байгуулна гэдэг аль ч улсын маш том зорилт байдаг.

Олон улсын байгууллагыг өөрийнхөө орны нийслэлд байгуулна гэдэг аль ч улсын маш том зорилт байдаг. Бид үүнд ахиц гаргаж чадлаа.

– Хоёр дахь баримт бичиг буюу Зарим нэр төрлийн бараанд хийсэн гаалийн хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээрийн ач холбогдлыг тайлбарлахгүй юу?

– Гурван улсын хооронд байгуулсан Эдийн засгийн коридор хөтөлбөрийн хүрээнд транзит тээврийн асуудал их чухал болж байна.

В.Путин Ерөнхийлөгч ч Улаанбаатар төмөр замын нэвтрүүлэх хүчин чадлыг 100 сая тоннд хүргэхэд ажиллана гэж хэлсэн. Одоо бидний нэвтрүүлэх хүчин чадал тав, зургаан сая хүрэхгүй хэмжээнд байгаа. 100 сая болгоно гэдэг маш том зорилт.

Си Зиньпин Ерөнхийлөгч ч мөн энэ талыг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа тодорхой хэлсэн. Тиймээс ч энэ хүрээнд гаалийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэх хэрэгтэй. Энэхүү баримт бичиг нь урд хил дээр манай хийсэн гаалийн шалгалтыг хойд хил дээр зөвшөөрдөг байх Засгийн газар хоорондын хэлэлцээр юм. Энэ бол манай бизнесийнхэний цаг хугацааг хэмнэсэн асар чухал ажил.

Мөн бие биенийхээ дарсан лац ломбыг бүгдийг нь хүлээн зөвшөөрөөд байхаас гадна гэмт хэргийн шинжтэй ачаа тээврүүдийг хоорондоо мэдээлэл солилцох үүрэгтэй хэлэлцээр байгаа юм.

Түүнчлэн гурван улс хооронд Азийн авто замын сүлжээний гурван талын хэлэлцээрт  гарын үсэг зурах ёстой байсан ч сүүлчийн мөчид Орос, Хятадын талаас зарим зүйл дээр дахиж лавлах шаардлагатай болж гурав дахь баримт бичигт гарын үсэг зурсангүй. Гэхдээ бид энэ баримт бичигт АСЕМ-ын уулзалтын үеэр гурван талт уулзалтыг зохион байгуулж гарын үсэг зурна гэж төлөвлөж байна. Ингэсэн тохиолдолд Оросын ачааны машинууд манай нутгаар дамжаад  Тяньжин руу шууд хүрэх боломжтой. Манай машинууд оросын нутгаар дамжаад Европ хүрэх боломжтой. Мөн Хятадын машинууд манай нутгаар дамжин Улаан-Үд хүрэх боломжтой болно. Энэ нь төмөр замын хажуугаар Азийн авто замын маш том сүлжээ үүсэх боломжтой Засгийн газрын хэлэлцээр юм.

– Эгийн голын усан цахилгаан станцийн талаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Үүнд та тайлбар өгөх үү?

– ОХУ-ын талаас Байгаль нуурт сөрөг нөлөөтэй байж болзошгүй байгаа талаар Ерөнхийлөгч В.Путин хэлсэн. Тэгэхээр бид энэ тал дээр үргэлжлүүлж хэлэцэнэ.

– Эдийн засгийн үр ашгаас гадна гурван улсын ерөнхийлөгч нарын гурав дахь уулзалт Монгол Улсын гадаад харилцаанд ямар дэвшил авчирч чадав?

– Анх Шанхайд гурван талт уулзалт хийх санал Монгол Улсын талаас тавихад хүмүүс их эмзэглэсэн, эмээсэн, болгоомжилсон, болох юм уу даа гэсэн хандлагатай байсан. Гэтэл бид энэ дээд хэмжээний уулзалтыг гурав дахь удаагаа хийж бүс нутагт явагдаж буй томоохон механизмын нэг болгож чадлаа.

Монгол Улс гэхэд Гадаад Хэргийн Яамны Хөрш орнуудыг хариуцсан газар дотор гурван талын асуудлыг хариуцсан тусгай нэгж гаргасан. Ажил бол урагшаа явна. Нөгөө талаас бид үүний хажуугаар гурав дахь хөршийн бодлого маань ч маш идэвхтэй явж байгааг хэлэх хэрэгтэй.

Гурав дахь хөршийн бодлого маань ч маш идэвхтэй явж байгааг хэлэх хэрэгтэй

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Монголд энэ сард айлчиллаа. Япон улстай гэхэд Эдийн засгийн анхны чөлөөт худалдааны түншлэлийн гэрээ байгуулаад явж байна. Энэтхэгтэй гэхэд бид маш ойр дотно Стратегийн хамтын ажиллагаагаа хөгжүүлээд явж байна. Мөн бидний нэлээд хүчин чармайлтаар өнгөрсөн есдүгээр сард Монгол Улс, АНУ, Япон Улсын гурван талт зөвлөлдөх уулзалт Нью-Йорк хотноо болсон. Энэ уулзалт ч мөн жил бүр явагдах учиртай юм.

Бид Монгол Улсад ашигтай гурван талт уулзалт, механизмуудыг цаашдаа ч үргэлжлүүлээд явах болно.

source: ikon.mn