FB_IMG_1466091188910Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ, Польш дахь Монголчуудын холбоотой хамтран 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Ням гарагт Варшавын Повшиний цэнгэлдэх хүрээлэнгийн талбайд “Монгол наадам-2016” арга хэмжээг монголчуудынхаа дунд амжилттай зохион байгууллаа.

 

Дээрх арга хэмжээг Элчин сайд Н.Батаа нээж, ЭСЯ-наас 2016 онд хэрэгжүүлж ирсэн олон нийтийн ажлын талаар мэдээлж, наадамчин олонд баяр наадмын өрөөлийг дэвшүүлэв. Үүний дараа тус улсад ажиллаж амьдардаг эмч, сувилагч, сайн дурын уран сайханчдаас бүрдсэн “Монгол аялгуу” хамтлаг ая дуугаа үзэгчдэд арга хэмжээний туршид хөтөлбөрийн дагуу өргөн барив.

 

Наадамд Варшав дахь монголчуудаас гадна Вроцлав, Краков, Катовице, Гданьск болон бусад жижиг хот сууринд ажиллаж амьдардаг нийт 200-250 орчим иргэн гэр бүлийн хамтаар ирж идэвхтэй оролцлоо. Түүнчлэн “Монгол наадам”-ыг Польшийн олон нийтийн төлөөлөл ихэд сонирхон үзсэн бөгөөд монгол хоол, цагаан идээгээр дайлсан нь тэдний таашаалыг ихээхэн хүртсэн нь байна.

 

Наадмын үндэсний бөхийн тэмцээнд сумын цолтой бөх оролцсон хүчит 16 бөх зодоглов. Наадамч олны дунд сурын харваа, монгол шагайн харваа, богино зайны гүйлт, олс таталтын тэмцээнийг “өсвөр насныхан”, “томчууд” гэсэн хоёр ангиллаар зохион явуулав. Түрүүлж, үзүүрлэсэн бөх, сурын болон шагайн цэц мэргэн харваачид, бусад тамирчид, наадамд оролцсон хүүхэд багачуулд ЭСЯ-ны нэрэмжит өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйлсийг гардуулав.

 

FB_IMG_1466091464118Арга хэмжээний төгсгөлд зарим байгууллага, иргэдийн хүч хөдөлмөр, идэвх зүтгэлийг үнэлж, ЭСЯ-ны нэрэмжит өргөмжлөлөөр шагнасныг Элчин сайд гардуулан өгөв. Шагнуулсан байгууллага иргэд нь Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн холбооноос энэ оны 5 дугаар сарын 28-нд ХБНГУ-ын Франкфурт хотноо зохион байгуулсан оны шалгаруулалтад амжилттай оролцон түрүүлсэн “Бүгд Найрамдах Польш Улс дахь Монголын Уламжлалт анагаах ухаан, эмч судлаачдын нийгэмлэг”, Польш дахь монголчууд төдийгүй гадаадад байгаа иргэддээ зориулж монголын телевизийн бүх сувгийг үзэх боломжоор хангаж “телевизийн декодер”-ийг анхлан зохион бүтээсэн “Бамбар ТВ”-ийн хамт олон, Монголын уламжлалт өв соёлыг Польшид сурталчлан таниулах, хөгжүүлэхэд гаргасан зүтгэл гаргаж ирсэн эмч О.Лхагваа, С.Энхмандал нар болно.