Сайд уулзалт зурагМонгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Унгар Улсын монгол судлаач эрдэмтэн, Монгол Улсын соёлын элч, профессор Агнэш Бирталаныг хүсэлтийнх нь дагуу өнөөдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр профессор А.Бирталан Унгар Улсын Өтвөш Лорандын Их сургуулийн Монгол ба Төв Ази Судлалын тэнхимийн дэргэдэх Монгол Судлалын Төвийн талаар товч танилцуулж, энэхүү төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг хүсч, Монгол Улсын Соёлын элчийн хувьд  Монгол орныг Унгарт сурталчилан таниулах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг Олон Улсын монголч эрдэмтдийн 11 дүгээр их хуралд хүрэлцэн ирж оролцсон явдалд болон монгол судлалыг Европт хөгжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулж байгаад профессор А.Бирталанд талархал илэрхийлэв. Түүнчлэн сайд Ц.Мөнх-Оргил Монгол судлалыг хөгжүүлэх, Монгол Улсыг дэлхийд таниулах нь манай төр, засгийн бодлого, үйл ажиллагаанд чухал болохыг дурьдаад, профессор А.Бирталанд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.