Италийн төв хэсэгт орон нутгийн цагаар энэ сарын 24-ний үүрээр хүчтэй газар хөдөлсний улмаас 247 хүн амь үрэгдэж, 200 гаруй хүн сураггүй болоод байгаа бөгөөд цаашид амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэх төлөвтэй байна. Италийн Засгийн газрын зүгээс гамшигт нэрвэгдсэн иргэдэд туслах талаар боломжит бүхий л арга хэмжээг авахаа мэдэгдэж, гамшгийн бүсэд онц байдал тогтоон аврах ажиллагаа явуулж байна.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали улсад суугаа ЭСЯ-наас мэдээлснээр одоогийн байдлаар монгол иргэд өртсөн гэх мэдээлэл байхгүй байгаа бөгөөд гамшгийн голомттой ойр байрладаг хот, сууринд оршин суудаг монгол иргэд бүгд аюулгүй байна. ГХЯ-ны зүгээс Ром дахь ЭСЯ-аар дамжуулан монгол иргэдтэйгээ байнгын холбоотой ажиллаж байна.