ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2016.08.22-2016.08.26

САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ НОЁН ЖЕЙМС АНДЕРСОН, ТУЕН НГУЕН НАРТАЙ УУЛЗАВ

Монгол Улсын Гадаад харицааны сайд Ц.Мөнх-Оргил Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон, тус банкны гишүүн байгууллага Олон улсын санхүүгийн корпорацийн суурин төлөөлөгч Туен Нгуен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, санал солилцов.

САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ УНГАР УЛСЫН МОНГОЛ СУДЛААЧ ЭРДЭМТЭН АГНЕШ БИРТАЛАНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Унгар Улсын монгол судлаач эрдэмтэн, Монгол Улсын соёлын элч, профессор Агнэш Бирталаныг хүлээн авч уулзаж, монгол судлалыг Европт хөгжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлэв.

ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД СИН ХАЙМИНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Син Хайминыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Элчин сайд Син Хаймин нар улс төр, эдийн засаг, соёл боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа, ойрын хугацаанд хэрэгжүүлэх өндөр дээд түвшний харилцан айлчлал зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцов.

“АРДЧИЛСАН ШИЛЖИЛТЭЭС СУРАЛЦАХ НЬ” СЭДЭВТ АРДЧИЛЛЫН ФОРУМ БОЛЛОО

“Ардчилсан шилжилтээс суралцах нь” сэдэвт Ардчиллын форум Улаанбаатар хотноо 8 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Хоёр өдрийн турш үргэлжилсэн Ардчиллын форумд нэр хүндтэй гадаад, дотоодын 100 гаруй төлөөлөгч оролцож, өөрсдийн орны ардчилалд шилжсэн туршлага, алдаа оноо, ололт амжилтаасаа хуваалцав.