ЗАЛУУ МОНГОЛ СУДЛААЧДЫН ЗУНЫ СУРГУУЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

neeltiin uil ajilgaaЖил бүр уламжлал болгон зохион байгуулдаг залуу монгол судлаачдын зуны сургуулийн гол зорилго нь ирээдүйн залуу судлаачдыг монгол ахуй орчинтой танилцуулж, хэл соёлын амьд харилцааны дунд тусгай сургалт зохион байгуулах явдал билээ. Энэ нь монгол судлалын залгамж холбоог бэхжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд бодит үр дүн болох юм.

2016 оны залуу монгол судлаачдын зуны сургуульд Орос, Герман, Швейцар, Чех, Унгар, Итали, Финлянд, Хятад, Япон, Австрали, Америк зэрэг 12 орны 18 их сургууль, судалгааны төвөөс 30 залуу судлаач, оюутнууд оролцохоор хүрэлцэн ирээд байна. Энэ жилийн зуны сургууль нь оролцож буй орон, хамарч буй төв, зохион байгуулалтын хувьд ихээхэн онцлогтой болж байна.

Энэ удаагийн зуны сургуулийг монгол ахуй, монгол судлалын сургалт-эрдэм шинжилгээний төв гэсэн хоёр өөр орчинд зохион байгуулна. Залуу судлаачид хөдөө малчны ахуй амьдралын дунд монгол бичгийн хэл, монгол ярианы хэл, монгол ахуйтай танилцах хичээлийг үзэхээс гадна Улаанбаатар хотод ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Түүх-Археологийн хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Соёл урлагийн их сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль зэрэг монгол судлалын сургалт-эрдэм шинжилгээний гол төв болон гадаадын монгол судлаач нэртэй эрдэмтдийн лекцийг сонсоно.

Монгол судлаачид монгол орон, монголчуудын тухай шинжлэх ухааны үндэслэлтэй бодит мэдээллийг түгээж, биднийг дэлхий ертөнцтэй зөв замаар холбох чухал гүүр болдог учраас гадаад орнуудад монгол судлалыг эрчтэй хөгжүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх чиглэлээр төрөөс тодорхой бодлого боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Цаашид монгол судлалын тодорхой чиглэлээр суралцах хүсэлтэй гадаадын оюутан залуусыг Монгол улсын их сургуулиудад тэтгэлгээр суралцуулах, магистрант докторант нарыг богино хугацааны мэргэжил дээшлүүлэх тэтгэлэгт хамруулах зэрэг ажлыг төлөвлөж байгаа ажээ.