ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2016.08.29-2016.09.02

САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ АМЕРИКИЙН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН УУЛЗАЛТАНД ОРОЛЦОВ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Америкийн худалдааны танхимын 8 дугаар сарын уулзалтанд уригдан оролцов. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн бодлого, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал болон эдийн засгийг сэргээх, хөрөнгө оруулагчдыг татах чиглэлд Засгийн газраас явуулж буй бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулав.

САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ДОРНЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАНД ОРОЛЦЛОО

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2016 оны 9 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотод болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтанд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнодын Холбооны тойрог дахь Бүрэн эрхт төлөөлөгч Ю.П.Трутневийн урилгаар оролцов.

ИЗРАИЛИЙН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Израиль Улсын Элчин сайд М.Вилнайг эх орондоо бүрмөсөн буцах гэж буйтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр сайд Ц.Мөнх-Оргил М.Вилнайн зүгээс энэ жил Монгол, Израилийн хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буйг онцлоод хоёр талын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсныг тэмдэглэж, талархал илэрхийлэв.

ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД СУРЕШ БАБУГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Суреш Бабу-тай танилцах уулзалт хийв. Уулзалтын үеэр Дэд сайд Б.Батцэцэг түүхэн болон соёлын хэлхээ холбоо, ардчиллын нийтлэг үнэт зүйл, уламжлалд суурилсан Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв.