“МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” БОЛЛОО

Гадаад харилцааны яамны “Мэдээллийн цаг” өнөөдөр зохион байгуулагдав.

Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-аар Монгол Улсын  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Куба Улсын Төрийн Зөвлөл, Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Модесто Кастрогийн урилгаар 2016 оны 9 дүгээр сарын сарын 15-18-нд Бүгд Найрамдах Куба Улсад албан ёсны айлчлал хийх талаар болон 9 дүгээр сарын 19-24-ний өдрүүдэд Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх талаар мэдээлэл өгөв. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 9 дүгээр сарын 23-нд АНУ-ын Филадельфи хотод ажиллах талаар мэдээлэв.

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын урилгаар Канад Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган 2016 оны 9 дүгээр сарын  7-10-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн тухай болон айлчлалын үеэр хоёр тал “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улс, Канад Улс хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан талаар мэдээлэл өгөв.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы хүрээнд болох НҮБ-аас баталсан Хөгжих эрхийн асуудлаарх Тунхаглалын 30 жилийн ойд зориулсан Ерөнхий Ассамблейн өндөр түвшний хуралдаан, Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний асуудлаарх Сайд нарын 7 дугаар уулзалт, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Сайд нарын уулзалт, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн өндөр түвшний уулзалт зэрэг арга хэмжээнүүдэд оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх тухай мэдээлэв.

“Мэдээллийн цаг”-ийн төгсгөлд хилийн чанадад суугаа Монгол Улсын иргэдийн талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулав.

2016 оны есдүгээр сарын 13. ГХЯ-аас мэдээлэл хийлээ. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.ӨНӨБОЛД /МРА

2016 оны есдүгээр сарын 13. ГХЯ-аас мэдээлэл хийлээ. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.ӨНӨБОЛД /МРА