ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2016.09.05-2016.09.09

САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ КАНАД УЛСЫН ПАРЛАМЕНТЫН НИЙТИЙН ТАНХИМЫН ДАРГА ЖИОФФ РЭГАНД БАРААЛХАВ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Их Хурлын даргын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Канад Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэганд бараалхав. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Канад Улс нь уул уурхайн салбарт арвин туршлагатай, энэ салбартаа дэлхийд тэргүүлэгч орны нэг бөгөөд Монгол Улсын томоохон хөрөнгө оруулагч, түнш орон болохыг онцлов.

САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ БҮГД НАЙРАМДАХ МАКЕДОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ИЛИЯ ИСАЙЛОВСКИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Бүгд Найрамдах Македон Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Илия Исайловскиг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Сайд Ц.Мөнх-Оргил Элчин сайд Илия Исайловскид Македон Улсын Гадаад хэргийн дэд сайдаар томилогдон ажиллахаар болсонд баяр хүргээд Монгол, Македоны харилцааг хоёр тал төдийгүй олон талт хамтын ажиллагааны хүрээнд хөгжүүлэх талаар санал солилцов.

ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ “МОНГОЛ-СОЛОНГОСЫН ОЛОН НИЙТИЙН ДИПЛОМАТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗАМ” СЭДЭВТ СЕМИНАРЫГ НЭЭЖ ҮГ ХЭЛЭВ

Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаа “Солонгосын соёлын долоо хоног-2016” арга хэмжээний хүрээнд Монгол-Солонгосын олон нийтийн дипломатын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх арга зам” сэдэвт семинар болов. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг семинарыг нээж үг хэлэв.

МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ НАЙМДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Эрээн хотноо зохион байгуулагдсан Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны VIII чуулга уулзалтанд оролцов. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Шадар сайдын Ажлын албаны дарга Б.Энх-Амгалан, Шадар сайдын Ажлын албаны зөвлөх Р.Алтангэрэл, Монголын үндэсний худалдаа, Аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав нар оролцов.