Дэлхийн яруу найрагчдын 36-р Их хурал Прага хотноо энэ сарын 15-20-ны өдрүүдэд явагдаж өндөрлөв. Их хуралд таван тивийн улс орнуудыг төлөөлсөн 200 гаруй яруу найрагч оролцон нийгэм-соёл, уран бүтээлийн тулгамдсан асуудлаар илтгэл хэлэлцэн, санал солилцож, өөрсдийн яруу найргийн дээжээс уншиж уралдлаа.

Монголын соёл, яруу найргийн академийн тэргүүн, СГЗ, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, СГЗ, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал, яруу найрагч М.Саруулдалай, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Л.Моломжамц нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид тус Их хуралд улсаа төлөөлөн оролцсон бөгөөд яруу найрагч Ү.Хүрэлбаатарын шүлэг яруу найргийн төрөлд 3-р байрын шагнал хүртлээ.

Хурлын төгсгөлд ирэх жилийн Их хурлыг зохион байгуулах эрх авахаар АНУ, Мексик, Монгол, Колумб, БНХАУ зэрэг орнууд нэрээ дэвшүүлэн, санал хураалтанд оролцов. Улс болгон өөрсдийн санал, төлөвлөгөөгөө танилцуулж өрсөлдсөнөөс саналын давуу нь манай талд гарч ялснаар Дэлхийн яруу найрагчдын 37-р Их хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Ийнхүү манай төлөөлөгчид ирэх жил дэлхийн яруу найргаар дамжуулан эх орноо сурталчлах, үндэснийхээ билэг ухааны царыг таниулах сайхан боломж өвөрлөн ганзага дүүрэн олзтой буцав.

Төлөөлөгчдийг Элчин сайд Д.Зүмбэрэллхам хүлээн авч баяр хүргээд, эх орноо гадаад орнуудад сурталчлах чиглэлээр зохиолч, яруу найрагчидтай хамтран ажиллах талаар ярилцаж, харилцан санал солилцлоо.