right-to-developmentМонгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы үеэр 9 дүгээр сарын 22-ны өдөр болсон Хөгжих эрхийн тухай тунхаглалын 30 жилийн ойд зориулсан өндөр түвшний уулзалтанд оролцож үг хэлэв.

Тэрбээр үгийнхээ эхэнд иргэдийн эдийн засаг, нийгэм, соёл, улс төрийн хөгжилд оролцон өөрсдийн хувь нэмрээ оруулж, тэдгээрийн үр шимийг хүртэх эрхийг тунхагласан энэхүү түүхэн баримт бичгийн чухлыг тэмдэглэв. Хөгжих эрхийн хөгжилд Мянганы хөгжлийн зорилтууд ихээхэн хувь нэмэр оруулсныг дурдаад цаашид энэхүү эрхийг хүний эрх ба эрх чөлөө, улмаар тогтвортой хөгжлийн салшгүй чухал хэсэг болгох, үүний тулд бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал байгааг онцлов.

Түүнчлэн Монгол Улсад өнгөрсөн 30 жилийн дотор боловсрол, эрүүл мэнд зэрэг хөгжих эрхийн тодорхой салбаруудад улам бүр амжилт олсон боловч Монгол Улсын Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад хууль эрхзүйн орчныг сайжруулах, хууль сахих ёсыг хэвшүүлэх, авилгатай тэмцэх, эдийн засгийг төрөлжүүлэх зэрэг олон чиглэлээр хэрэгжүүлэх ажил их байгааг дурдлаа.