1. ГХЯ-НЫ БАРИЛГА-ТӨВ ХЭСЭГ

Улсын төлөвлөгөөний комиссын 1946 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Гадаад яамны барилгуудыг барьж дуусгах тухай” 06 дугаар хурлын тогтоолоор “ГЯЯ-ны байшин нэг, зочдын байр гурав эдгээр дөрвөн барилгыг барьж гүйцэтгэхийг Олзлогдсон цэргийн хэрэг эрхлэх газрын дарга Сосорбарамд” үүрэг болгож 02 дугаар сарын 13-ны дотор барилгыг гүйцэтгэх тухай гэрээ байгуулахыг ГЯЯ, Олзлогдсон цэргийн хэрэг эрхлэх газар даалгасан байна. /Улсын төлөвлөгөөний комиссын 1946 оны 6-р тогтоол/

tuv-hesegБНМАУ-ын Сайд нарын зөвлөл ба МАХН-ын Төв хорооны 1947 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хамтарсан 18/10 дугаар тогтоолд барьж буй их барилгын ажлын явц удаашралтай байгааг дурдаад 1947 онд багтаан барьж дуусгах 30-аад барилгын жагсаалтыг хавсаргасан байна. Хавсралтын 5 дугаарт “Гадаад яамны конторыг 1947 оны 10 дугаар сарын 1-ний дотор барьж дуусгах”-ыг даалгажээ. Гадаад яамны орлогч сайд Н.Лхамсүрэнгээс маршал Х.Чойбалсанд бичсэн илтгэх хуудсанд /1947 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн/ “конторын барилгадаа орж конторлож байгаа” хэмээснээс үзэхэд ГЯЯ-ны барилга 1947 оны 10 дугаар сар хүртэл баригджээ.

Барилгын зураг төслийг гаргаж, ерөнхий удирдлагаар хангах ажлыг Улсын барилгын хэрэг эрхлэх газар, барилга барих ажлыг Олзлогдсон цэргүүдийн хэрэг эрхлэх ерөнхий газар тус тус  хариуцаж байв.