3.ГХЯ-НЫ БАРИЛГА – ӨРГӨТГӨЛ

а/ Баруун өргөтгөл

urgutgul-tusdaa1947 оноос 1958 он хүртэл ГХЯ-ны барилгын төв хэсэг, ажилтны орон сууцны хооронд баруун хэсэгт барилга байгаагүй байна. БНМАУ-ын СнЗ-ийн 1957 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “ГЯЯ-ны ажилтан нарын хангамжийг сайжруулах тухай” 362 дугаар тогтоолын 6-р заалтад “ГЯЯ-ны конторын барилгын багтаамжгүй байдлыг харгалзан, одоогийн байрны нь баруун хэсэгт шинэ барилгыг нэмж барих, түүний зураг, төсвийг энэ онд багтаан зохиолгож гаргахыг Улсын барилгын хороо /н.Майдар/-т даалгасугай” хэмээсний дагуу ГЯЯ-нд өргөтгөл барих ажил эхэлжээ. Өргөтгөлийн барилгын зургийг 1957 оны 12 дугаар сард бэлэн болгож барилгын ажил 1958 оноос эхэлсэн бололтой байна. /барилгын зураг/ ГЯЯ-ны 1959 оны ажлын тайланд “яамны өргөтгөлийн ба складын барилга бариулахад зориулж батлагдсан 440.000 төгрөгийн барилгыг Барилгын газраар бариулж ашиглалтад оруулсан” гэснээс үзэхэд өргөтгөл 1959 онд ашиглалтад оржээ.

Энэхүү өргөтгөл нь баруун тийш харсан хаалгатай /одоогийн №23 өрөө/ байсан бөгөөд баруун хойд хэсэгт нь /одоогийн №17 өрөө/ дээш гарах шат байсан байна.

1976 онд ажилтны орон сууцны баруун хэсгийг албан байр болгон өөрчилж завсарласан. Энэ хэсэгт ДБҮААГ, ЮНЕСКО-гийн үндэсний хороо, Хилийн комисс үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд орон сууцны дотор талын орцны хаалгаар ордог байжээ. Өргөтгөл нь орон сууцны баруун хэсэгтэй 2 давхраар /одоогийн ОУБГ-ын байгаа хэсэг/ холбогддог байв. Сүүлд одоогийн баруун хаалгыг гарган, баруун талд байсан палконыг авч, цонхнуудыг нэгэн жигд болгон солисон байна.

б/ Хүлээн авалтын заал /одоогийн “Зөвшилцөл” танхим/

4-1

Улаанбаатар хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны 1974 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 18/68 дугаар зөвшөөрлийн дагуу ГЯЯ-ны конторын өмнө талд залгаа 18х30-ын харьцаатай газар заал барихыг зөвшөөрсөн байна. Хүлээн авалтын заалыг Улаанбатар хотын Зураг төслийн институтэд зургийг зохиож Хотын барилга трест барилгын ажлыг гүйцэтгэжээ. Заалны зураг төсөл, барилгын  ажил 1974 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэж 1977 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дууссан. 1977 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ажлын комиссын тогтоосон акт ба түүнд хавсаргасан актуудыг үндэс болгон Улсын комиссоос шалган үзэж, уул барилгыг зураг төсвийн дагуу баригдсанд тооцож ашиглалтад өгсөн байна. Заалыг 1977 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авчээ.

в/ Гуанзны өргөтгөл

            ГХЯ-ны гуанзны өргөтгөлийг 1990 онд барьж дуусгасан байна. Энэхүү өргөтгөлийг ажилтнуудын хооллох заалны зориулалтаар ашиглаж байв.

г/ Үйлчилгээний төвийн барилга /одоогийн ГХТА, цэцэрлэг/

cafa-barilgaГадаадын дипломатууд, иргэд, яам, газрын нийт ажилтан, ажилчдад өөрийн дэлгүүр, оёдлын тасаг, нарийн боовны цех, үсчин, саун, эмнэлгийн салбараар үйлчилж байх зорилгоор 1992 онд үйлчилгээний төвийн барилгыг барьж ашиглалтад оруулжээ.

Үйлчилгээний төвийн барилга нь 1992 онд ашиглалтад орохдоо 2 давхар байсан бөгөөд 1998 онд барилгын дээр дахин 1 давхар нэмж барин 3 давхар болжээ.

Гадаад хэргийн сайдын зөвлөлийн 2005 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 05-05 хурлын шийдвэрээр үйлчилгээний төвд үйл ажиллагаа эрхэлж байсан байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож барилгын 1 дүгээр давхарт Гадаад харилцааны төв архив, 2-3 дугаар давхарт ДБҮААГ-ыг оруулах шийдвэр гарсанаар албан байрны зориулалтаар ашиглагдаж эхэлжээ