“ХУУРАЙ БООМТ БА ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУД” АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ

Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төв (ДГХБО-ын ОУСТ) нь Улаанбаатар хотноо 10 сарын 11-ний өдөр “Хуурай боомт ба далайд гарцгүй орнуударга хэмжээг Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамтай хамтран Нэгдсэн Үндэстний байгууллагын байранд зохион байгууллаа.

ДГХБО-ын ОУСТ нь холбогдох төрийн байгууллага, албан хаагчид, худалдаа, эдийн засгийн чиглэлээр судалгаа хийх багш, судлаачид болон хувийн хэвшлийнхэнд зориулж хуурай боомт гэж чухам юуг хэлдэг, хуурай боомтын эрх зүйн статус, онцлог, дэлхий даяар ашиглагддаг логистикийн терминалуудаас юугаараа ялгаатай байдаг, хуурай боомтыг ашигласнаар гадаад худалдаанд ямар өөрчлөлт орох төлөвтэй байгааг таниулах зорилготой уг арга хэмжээг олон улсын судлаач, хуурай боомтын экспертүүдтэй хамтран зохион байгуулав.

viber-image

ДГХБО-ын ОУСТ нь далайд гарцгүй хөгжиж байгаа орнууд олон улсын худалдаа, ялангуяа Дэлхийн Худалдааны Байгууллага (ДХБ)-ын яриа хэлэлцээнээс хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх, олон улсын олон талт хэлэлцээрээр олгогдож буй худалдааны тааламжтай нөхцлүүдийг бүрэн дүүрэн ашиглах чадавхийг бэхжүүлэхэд тус дөхөм болгох зорилготой уг арга хэмжээнд Гадаад Харилцааны Яам, Тээвэр хөгжлийн яам, Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, Гаалийн Ерөнхий Газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Стратеги судлалын хүрээлэн, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, Монголын Худалдаа, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монгол Улсын Их Сургууль, олон улсын байгууллага болон хувийн хэвшлийн төлөөллүүд оролцлоо.

Аливаа худалдаа, нэн ялангуяа гадаад худалдаа нь тээврийн салбар дахь бодлого      зохицуулалт болон дэд бүтэцтэй нягт холбоотой бөгөөд тээврийн асуудал нь тулгардаг гол бэрхшээлүүдийн нэг байдаг. Худалдаа хөнгөвчлөх, үүний дунд тээвэр, дамжин өнгөрөх тээврийн асуудал нь тогтвортой хөгжлийн маш чухал бүрдэл хэсэг тул сүүлийн үед улс орнууд, Олон улсын байгууллагууд үүнд онцгой анхаарал хандуулах болсон. Үүний нэг илэрхийлэл нь Нэгдсэн Үндэстний байгууллагын Ази-номхон далайн эдийн засгийн комисс (АНДЭЗК)-ын санаачилгаар 2013 онд  боловсруулж баталсан Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр юм.

Энэ хэлэлцээр нь улс орнуудын хувьд тээврийн, ялангуяа дамжин өнгөрөх тээврийн асуудалд тус дэм болох учиртай хэлэлцээр юм. Иймээс ч Монгол Улс уг хэлэлцээрт 2016 онд нэгдэж орсон.