itgemjleh-zahidal

Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж 10 дугаар сарын 28-ны өдөр НҮБ-ын Олон улсын хөдөө аж ахуйн хөгжлийн сан (ОУХААХС)-гийн Ерөнхийлөгч Канаёо Нванзе-д Итгэмжлэх захидлаа барьж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Элчин сайд Монголд 30 гаруй сая ам.долларын өртөг бүхий 3 төсөл сүүлийн 20 жилийн хугацаанд ОУХААХС-гийн шугамаар амжилттай хэрэгжсэнийг онцлон тэмдэглээд, эдүгээ хэрэгжүүлж буй “Зах зээл ба бэлчээрийн удирдлага” төслийг үргэлжлүүлэх болсонд баяртай байгаагаа илэрхийлэв. Ноён Канаёо Нванзе хоёр талын хооронд үр ашигтай хамтын ажиллагаа хөгжиж ирснийг сайшаан, тус сан Монгол Улстай цаашид 4-5 жилийн хугацаатай Стратегийн хамтын ажиллагааны баримт бичиг байгуулж хамтран ажиллах боломжтойг дурдсан байна.

ОУХААХС нь 1977 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улсад 1996 оноос эхлэн төсөл хөтөлбөрүүд  хэрэгжүүлж ирсэн.