ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2016.10.24-2016.10.28

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ФРАНЦЫН ЭЛЧИН САЙД Э.БАРСАКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Францын Элчин сайд Э.Барсакийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд Монгол, Францын харилцаа тухайлбал, хөдөө аж ахуй, батлан хамгаалах, соёл боловсролын салбар дахь хамтын ажиллагаа, Монголд үйл ажиллагаа явуулж буй францын аж ахуйн нэгжүүд, Улаанбаатар дахь Франц сургууль, Франц хэл, соёлын “Алльянс Франсез” төвийн асуудлаар санал солилцов.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ АНУ-ЫН ФИЛАДЕЛЬФИЙН СИМФОНИ НАЙРАЛ ХӨГЖМИЙН ЧУУЛГЫН ГАДААД ХАРИЛЦАА ХАРИУЦСАН ЭЛЧИН САЙД ВЛАДИМИР ПЕТРОВИЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил АНУ-ын Филадельфийн симфони найрал хөгжмийн чуулгын гадаад харилцаа хариуцсан Элчин сайд Владимир Петровичийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Сайд Ц.Мөнх-Оргил Монгол, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулгын тоглолтыг Улаанбаатар хотноо 2017 онд зохион байгуулахад бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ КОЛУМБИЙН ЭЛЧИН САЙД ТИТО ПИНИЯАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Колумби Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Тито Пинияаг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН КАНАД УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эд Жэйгерийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын харилцааны тулгамдаж буй асуудлаар ярилцав.