ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ МОНГОЛ УЛСАД СУУХ ШИНЭ ЭЛЧИН САЙД НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ ПАРАГВАЙ УЛСЫН ЭЛЧИН САЙД ИРИНЕО РАУЛ СИЛВЕРО СИЛВАНИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг 11 дүгээр сарын 15-нд Бүгд Найрамдах Парагвай Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Иринео Раул Силверо Силваниг Итгэмжлэх Жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

%d0%b0%d1%80%d0%bc%d1%8f%d0%bd-1

Дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон И.Силверод баяр хүргэж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Тухайлбал, манай хоёр орон хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарт туршлага хуваалцах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд олон улсын түвшинд хамтран ажиллаж, тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулах  боломжтойг онцлов.

Элчин сайд И.Силверо Силвани талууд харилцан айлчлал зохион байгуулах, хамтын ажиллагааны аливаа асуудлаар зөвлөлддөг механизмтай болох, Парагвайн Дипломат академитай харилцаа холбоо тогтоох зэргээр хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Мөн Улаанбаатар хотноо Парагвайн соёлын өдөрлөг, испани хэлний сургалт зохион байгуулах хүсэлтэй байгаагаа дурдав.

Тэрбээр Улаанбаатарт Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв байгуулах тухай олон талт хэлэлцээрийг парагвайн тал соёрхон батлахаар ажиллаж байгааг мэдээлэв.

ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ КАМБОЖИЙН ВАНТ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Камбожийн Вант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Каймеали Сисода Кхектэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

%d0%ba%d0%b0%d0%bc%d0%b1%d0%be%d0%b6-1

Уулзалтын үеэр Дэд сайд Б.Батцэцэг хоёр орны уламжлалт найрсаг харилцаа хэвийн хөгжиж байгааг дурдаад Монгол, Камбожийн худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх чиглэлээр түлхүү ажиллах шаардлагатай байгааг тэмдэглэв.

Түүнчлэн Камбож Улсын өндөр хөгжсөн аялал жуулчлалын салбарыг түшиглэн хоёр орны энэ салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломжтой гэж талууд тэмдэглээд цаашид харилцан мэргэжилтэн солилцох, сургалт зохион байгуулах зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр тогтов.

ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ АРМЯН УЛСЫН ЭЛЧИН САЙД СЕРГЕЙ МАНАСАРЯНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Армян Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Сергей Манасаряныг Итгэмжит Жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

%d0%b0%d1%80%d0%bc%d1%8f%d0%bd-2

Уулзалтын эхэнд Элчин сайд Сергей Манасарян Итгэмжлэх жуух бичгийн хувийг Дэд сайдад гардуулж, хоёр орны харилцааг идэвхжүүлэх, соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүсэлтэй байгааг дурдаад Монголын цөөн тооны оюутанг Армян Улсын их дээд сургуульд сургахыг санал болгов.

Дэд сайд Б.Батцэцэг Элчин сайд С.Манасарянд баяр хүргэж, социализмын үед Монголын олон оюутан залуус Ереваны их дээд сургуулиудад суралцаж байсныг онцлоод Монгол, Армяны эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд ажлын өндөр амжилт хүсэв.

ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ АРГЕНТИНЫ ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг 11 дүгээр сарын 16-нд Бүгд Найрамдах Аргентин Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд ноён Диего Рамиро Гуэларыг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

mpa_0344

Дэд сайд Б.Батцэцэг Итгэмжлэх жуух бичгээ барихаар ирсэнд нь Элчин сайдад баяр хүргэж, Монгол Улс G-20-ийн гишүүн Аргентин Улстай хамтын ажиллагаа хөгжүүлэх боломж их байгааг тэмдэглэв. Тухайлбал, Аргентинтай хөдөө аж ахуйн салбарт салбарт хамтран ажиллах, туршлага солилцох зорилгоор тус улсын  Үндэсний хөдөө аж ахуйн технологийн хүрээлэнтэй ярилцаж байгааг онцлов. Мөн иргэд харилцан зорчих боломжийг нэмэгдүүлэх үүднээс хоёр орны иргэдийг визийн нөхцөлөөс чөлөөлөх хэлэлцээрийн төсөл хүргүүлснийг дурдаж, хариу өгнө гэж итгэж байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Диего Гуэлар Монгол, Аргентины хамтын ажиллагааг идэвхжүүлэх, боломжит салбаруудад хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Элчин сайд ГХЯ-д хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтыг 2017 онд Улаанбаатар хотод хийх, мөн Монголд болох үзэсгэлэн худалдаанд ирж оролцохоор төлөвлөж байгаа гэв.

Аргентин Улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байна.