МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СЕРБИ УЛС ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 60 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ

Монгол Улс, Бүгд Найрамдах Серби Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг Гадаад харилцааны яаманд тэмдэглэн өнгөрүүлэв. Ёслолын ажиллагааг нээж Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Бүгд Найрамдах Серби Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Милан Бачевич нар үг хэлэв.

minister

Сайд Ц.Мөнх-Оргил хэлсэн үгэндээ Монгол Улс тус улстай хөгжүүлж буй харилцаандаа ач холбогдол өгдгийг тэмдэглээд хоёр ард түмний харилцаа холбоог өргөжүүлэхэд Сербийн Засгийн газар Монгол оюутнуудыг тэтгэлэгт хөтөлбөртөө хамруулж байгаад талархал илэрхийлэв. Сербийн Элчин сайд Милан Бачевич хоёр орон нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийн үед уламжлалт найрсаг харилцаагаа хадгалан ирснийг дурдаад, сербийн тал хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байдгийг тэмдэглэв.

mpa-photo-2016-1248

Дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн ёслолын ажиллагаанд Улаанбаатар дахь Дипломат төлөөлөгчийн газрууд болон Олон улсын байгууллагуудын тэргүүн нар, манай яам, газруудын төлөөлөл, Серби Улстай ажил төрлийн холбоотой аж ахуйн нэгж, компани, иргэдийн төлөөлөл оролцов.

Ойг тэмдэглэх хүрээнд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Элчин сайд Милан Бачевичийг хүлээн авч уулзан, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.