ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫГ ХАМГААЛАХ МОНГОЛ, ОРОСЫН ХАМТАРСАН КОМИССЫН ХУРАЛ БОЛОВ

123456

Хүрээлэн буй орчныг хамгаалах салбарт хамтран ажиллах Монгол, Оросын Холимог комиссын зургадугаар хуралдаан Москва хотноо 11 дүгээр сарын  24-25-ны өдрүүдэд боллоо. Хуралдаанд монголын талаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл,  Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа, оросын талаас Оросын Холбооны Улсын Байгалийн нөөц ашиглалтын Холбооны хяналтын албаны орлогч дарга А.М.Амирханов  тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Хуралдааны үеэр хоёр улсын байгаль орчин, улсын хил дамнан нүүдэлдэг ан амьтдыг хамгаалах, ойн аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, хил дамнасан тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг хөгжүүлэх, Монгол, Орос, Хятадын хооронд “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт тусгагдсан төслүүдийг хамтран хэрэгжүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэсэн тодорхой арга хэмжээнүүдийг авахаар тохиролцов.

Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зарим усан байгууламжийн төслүүд ОХУ-ын Байгал нуурын экосистемд үзүүлэх нөлөөллийн талаар Оросын судлаачдын бэлтгэсэн илтгэлийг сонсож, цаашид уг асуудлаар хоёр талын судлаач эрдэмтдийн хийж буй дүгнэлт, ойлголтыг нэгтгэх, харилцан мэдээлэл солилцох нь чухал гэж талууд үзэв.

“Ойг түймрээс хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх талаар хоёр талын холбогдох байгууллагууд ахицтай ажиллаж байгааг тэмдэглэж, цаашид тус хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын хил орчим болон хил дамнан гарсан түймрийг унтраахаар ажиллаж буй албан хаагчдыг хялбаршуулсан журмаар улсын хилийг шуурхай нэвтрүүлэхэд анхаарал хандуулах шаардлагатай байгаа талаар талууд санал нэгдэв. Мөн ойн аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай 1995 оны хэлэлцээрийг шинэчлэн байгуулахаар тохиролцов.

Түүнчлэн, хуралдааны үеэр Хөвсгөл-Түнхэн, Сийлхэмийн хил дамнасан тусгай хамгаалалттай газар байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах, улсын хил дамнан нүүдэллэдэг аргал, цоохор ирвэс зэрэг  амьтдын хамтарсан мониторинг, тооллого хийх, судлаач, мэргэжилтнүүдийн уулзалт семинарыг ирэх онд хамтран зохион байгуулахаар тохирлоо.

Хуралдааны дүнгээр оролцогч талууд Протокол байгуулж, шийдвэрүүдийн хэрэгжилтэнд анхаарч ажиллахаар болов.