ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2016.11.21-2016.11.25

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СЕРБИ УЛС ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 60 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ

Монгол Улс, Бүгд Найрамдах Серби Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг Гадаад харилцааны яаманд тэмдэглэн өнгөрүүлэв. Ёслолын ажиллагааг нээж Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Бүгд Найрамдах Серби Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Милан Бачевич нар үг хэлэв.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ГХЯ-НЫ КОНСУЛЫН ГАЗРЫН ДЭД ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улс, БНКазУ-ын ГХЯ хоорондын Консулын VIII зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо болов. Хоёр жил тутам зохион байгуулагддаг тус уулзалтаар консулын харилцаа, иргэдийн эрх ашгийг хамгаалах, хоёр талын байгууллага хоорондын хамтын ажиллагааны асуудлуудыг уламжлал ёсоор хэлэлцдэг юм. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д. Даваасүрэн БНКазУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

МОНГОЛ УЛС ЮНЕСКО-ИЙН МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ЗӨВЛӨЛИЙН ДЭД ДАРГААР СОНГОГДЛОО

Монгол Улс НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ийн Олон улсын мэдээлэл, харилцааны хөгжлийн хөтөлбөрийн Засгийн газар хоорондын зөвлөлийн Дэд даргаар сонгогдов.