ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2016.11.28-2016.12.02

МОНГОЛ, АМЕРИКИЙН УЛС ТӨРИЙН ЭЭЛЖИТ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын XI улс төрийн зөвлөлдөх уулзалт 12 дугаар сарын 1-нд Вашингтон хотноо амжилттай болж өндөрлөв. Уулзалтанд оролцсон монголын төлөөлөгчдийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, америкийн талыг Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Д.Рассел нар тэргүүлж оролцов. Мөн Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ж.Гаалт болон албаны бусад төлөөлөгчид оролцов.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН АНУ-ЫН ЦАГААН ОРДОН, ЗАРИМ ХҮРЭЭЛЭНГИЙН АХЛАХ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол, Америкийн жилийн ээлжит уулзалтанд оролцохдоо Цагаан ордны ҮАБЗ-ийн Азийн асуудал хариуцсан Тэргүүн захирал Д.Критэнбринк, мөн ҮАБЗ-ийн Хятад, Тайвань, Монголын асуудал эрхэлсэн дарга Р.Хасс нартай уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны талаар мэдээлж, олон улсын болон бүс нутгийн харилцааны сонирхсон асуудлаар санал солилцов.

АСЕМ-ЫН ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АХЛАХ АЛБАН ТУШААЛТНУУДЫН 12 ДУГААР УУЛЗАЛТ СӨҮЛ ХОТНОО БОЛОВ

АСЕМ-ын Худалдаа, хөрөнгө оруулалтын ахлах албан тушаалтнуудын уулзалт 12 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Сөүл хотноо амжилттай болж өнгөрөв. Энэхүү хуралдааныг Монгол Улс, БНСУ, БНХАУ хамтран даргалж, Монголын талын төлөөлөгчдийг ГХЯ-ны ГХЭЗХАГ-ын захирал В.Энхболд тэргүүлэн оролцов. АСЕМ-ын Худалдаа, хөрөнгө оруулалтын ахлах албан тушаалтнуудын уулзалт нь 2008 оноос хойш анх удаа зохион байгуулагдаж буй бөгөөд уулзалтад Ази, Европын 46 орны төлөөлөгчид оролцов.