ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ БУТАН УЛСАД АЙЛЧЛАВ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Бутаны Хаант Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржигийн урилгаар Бутан Улсад 12 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд албан ёсны найрсаг айлчлал хийв.

img_2507
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил айлчлалынхаа явцад Бутан Улсын Парламентын Дэд дарга Чимиддоржи, Ерөнхий сайд Цэрэн Тобгай нарт бараалхан Гадаад хэргийн сайд Д.Доржитой хоёр орны харилцаа, бүс нутгийн болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлуудаар хэлэлцээ хийв.
Бутан Улсын Гадаад хэргийн сайд Д.Доржи хоёр тал 2012 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр болон олон талын хүрээнд амжилттай хамтран ажиллаж байгааг тэмдэглээд Монгол Улсын Засгийн газар Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийг өөрийн орны нийслэл Улаанбаатар хотноо байгуулах санаачилга дэвшүүлж тус төвийн үйл ажиллагааг эхлүүлэхэд идэвхтэй ажиллаж ирсэнд талархал илэрхийлж, Бутан Улсын Засгийн газар Олон улсын судалгааны энэхүү төвийн үйл ажиллагааг эхлүүлэх тухай хэлэлцээрт нэгдэн орохоор шийдвэрлэснийг мэдээлэв.
Гадаад харилцааны сайд нар хоёр орны хууль тогтоох байгууллагуудын хооронд болон хөдөө аж ахуй, соёлын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, ардын уламжлалт эмчилгээ, мал аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийг харилцан айлчлуулах, үзэсгэлэн, кино өдрүүд зохион байгуулах чиглэлээр хамтарч ажиллахаар тогтсон бөгөөд ярилцсан асуудлуудаар Хэвлэлийн хамтарсан мэдээ гаргав.